Увс аймагт байгаа Англи иргэний шинжилгээний хариу гараагүй байна


Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.
Уг иргэнтэй онгоцоор хамт зорчиж ирээд Увс аймгийг зорьсон Англи улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай зарим цахим сайтад мэдээллэсэн байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцийг тээвэрлэн авчирч байгаа. Сорьц одоогоор ХӨСҮТ-д ирээгүй байгаа бөгөөд замдаа яваа" гэж өнөөдөр /2020.03.12/ 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
Мөн Эрүүл мэндийн яамнаас "Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан Англи улсын иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Уг иргэний сорьц замд ирж байгаа тус иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Франц улсын иргэний ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдоод байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ