Зөв эмчилгээний үр дүнд халдвартай иргэний биеийн байдал тогтворжсон
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ДЭМБ-ын мэдээллээр 122 улс, нутаг дэвсгэрт COVID-19 вирусийн халдварын 125048 тохиолдол бүртгэгдэж 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 312 хүн нас баржээ. Итали улсад халдвар авсан иргэдийн тоо 2216-аар нэмэгдэж нас баралт 189-аар өсч нийт нас баралт 1016-д хүрчээ. Харин Иранд 24 цагийн хугацаанд 63 хүн нас барсан байна. БНХАУ-д сүүлийн таван хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 50-иас цөөн гарсан бөгөөд тус улсад дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг албан ёсоор мэдэгджээ.
Дэлхийн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлж үндэсний хэмжээнд боловсролын үйл ажиллагааг бүрэн зогсоосон 26 улс байгаа аж.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас хойш 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарласан боловч онош үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Булган суманд гурван иргэн ажиглалтад авсан байна. Иргэдийн биеийн байдал сайн байгаа. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор Австрали, Москва, Шанхай, Германаар дамжин ирсэн 10 иргэнийг ажиглалтын байранд тусгаарласан. Нийтдээ өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 72 хүнийг ажиглалтад авч, сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлаад байна" гэлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өдөр бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд гэр орондоо 10 минутын турш агаар сэлгэлт хийж, цонх халхавчаа онгойлгож байхыг зөвлөлөө. Хамгийн гол өвчин дамжуулагч эрхтэн нь гар тул гараа сайтар савандаж, бүлээн усаар угаах, хүний гар хүрэх бүх бохир зүйлийг өдөрт 2-3 удаа арчиж цэвэрлэх нь COVID-19 вирусээ урьдчилан сэргийлэх чухал арга гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан. Фран улсын биеийн байдал тогтвортой, тайван байгаа. Шаардлагатай зүрх, судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Гуравдугаар сарын 12-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч шинж тэмдэг илрэх эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.
Франц улсын иргэний ойрын хавьтлын бүх хүнийг олж илрүүлэн тусгаарлалт, тандалт судалгаа хийсэн тул иргэд, олон нийт санаа зовохгүй байж болно гэдгийг мэдээллээ. Мөн халдвар авсан иргэнд давтан шинжилгээ хийхэд халдвар авсан нь дахин тогтоогдсон байна.
Өвчтөн 36.5 хэмийн халуунтай байгаа бөгөөд зөв эмчилгээ хийгдэж байгаа тул өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ