Цагаан өдөр: Япон эрчүүд бэлэгний хариуг эмэгтэйчүүдэд барих баяр

Өнөөдөр Японд "Цагаан өдөр" тохиож байна. Гэгээн Валентины өдрөөс яг сарын дараа буюу гуравдугаар сарын 14-ний өдрийг Япон, Солонгос, Тайванд "Цагаан өдөр" болгон тэмдэглэдэг байна. Энэ өдөр эрчүүд Гэгээн Валентины баяраар авсан бэлгэнд хариу талархал болгон эмэгтэйчүүдэд бэлэг өгдөг аж.
Баяр хэрхэн үүсэв?
1965 онд Японы чихрийн томоохон компани болох Marshmallow company өөрсдийн үйлдвэрлэдэг цагаан зефирээр Гэгээн Валентины баярын бэлгийн хариу барихыг эрчүүдэд уриалсан сурталчилгаа хийжээ. Ингэж л Зефирийн өдөр буюу Маршмэллоу өдөр бий болсон бөгөөд энэ нь Япон эмэгтэйчүүдэд ихээхэн таалагдсан аж.
Яваандаа энэ баярыг Цагаан өдөр гэж нэрлэх болсон бөгөөд бэлэгний сонголт шоколад, бусад төрлийн амттанаар нэмэгдэж, харин тэмдэглэх өдрийг Гэгээн Валентины өдрөөс яг сарын дараа гуравдугаар сарын 14 гэж сонгожээ.
Харин Гэгээн Валентины өдрийг тэмдэглэх уламжлал Японд 1958 онд үүссэн байна. Баярын гол уламжлал нь шоколад бэлэглэх тул энэ төрлийн амттан үйлдвэрлэдэг компаниуд хайрын баярыг тэмдэглэх уламжлал тогтоход ихээхэн нөлөөлжээ.
Тиймдээ ч Гэгээн Валентины баяртай адилаар Цагаан өдөр бий болоход арилжааны ашиг сонирхол нөлөөлсөн байна. 1978 онд Японд цагаан шоколад үйлдвэрлэх болсноор зефир бэлэглэх уламжлал хоёрдугаарт тавигдах болжээ. Аажмаар зөвхөн амттан биш өөр бэлгийг ч эмэгтэйчүүдэд өгөх болсон аж.
Баярын онцлог
Японд Гэгээн Валентины өдрөөр эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгдөг. Тэд хайраа илэрхийлэн амттан, шоколад, өөрийн гараар хийсэн бэлэг дурсгал болон бусад төрлийн бэлэг өгдөг уламжлалтай.
Харин Цагаан өдөр эсрэгээрээ, хоёрдугаар сарын 14-ний өдөр бэлэг авсан эр бэлэг өгсөн эмэгтэйдээ хару барих ёстой аж.
Цагаан өдрөөр жигнэмэг, цагаан шоколад, зефир, маршмэллоу, үнэт эдлэл, цагаан дотуур хувцас бэлэглэх нь уламжлал болсон бөгөөд энэ өдөр дээрх бүтээгдэхүүнүүдийн эрэлт их болдог гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ