Л.Мөнхтүшиг: БНСУ-д суралдцаг оюутнууд зүй зохисгүй үйлдэл гаргаж байна


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаадад түр болон урт хугацаагаар байгаа иргэд визний хугацаа дууслаа гэж сандрах хэрэггүй. Элчин сайдын яамд энэ асуудал дээр ажиллаж байгаа. Мөн гадаадын улс орнууд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан хүмүүнлэгийн шугамаар визний асуудлыг хөнгөлөлттэй, нааштайгаар шийдвэрлэж өгч байгаа учраас иргэдийг байгаа газраа тайван байхыг хүсье. Нөхцөл хэрхэн өөрчлөгдөхийг хэлж чадахгүй учраас хувийн аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнөө хязгаарлах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна" гэлээ.
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр "МИАТ" компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авчирсан. Тус онгоцонд багтаж чадаагүй БНСУ-д үлдсэн хоёр иргэний тухайд нөхөр нь халуурсан тул онгоцонд суулгахгүй байх шийдвэр гаргасан аж. иймд эхнэр нь хамт үлдэх шийдвэр гаргасан байна. Улмаар Инчеон нисэх буудлын эмчид үзүүлэхэд 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөмжийг өгчээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаман дээр хүндэтгэн үзэх шалтгаантай 500 орчим иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлээд байгаа аж.
Мөн БНСУ-д суралцдаг оюутнуудаас маш их гомдол, санал ирж байгаа бөгөөд тэд зүй зохисгүй үйлдэл гаргаж байгаа гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Тэрбээр "Нэгдүгээрт, БНСУ-ын Элчин сайдын яамтай харилцан ярилцаж тус улсад суралцдаг оюутнуудын визний хугацаа дуусах гэж буй асуудлыг хөндөж эдгээр оюутны визийг хөнгөлттэй горимоор үнэ төлбөргүй сунгахаар шийдвэрлэсэн. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яам болон БНСУ-ын Элчин сайдын яам зэрэг албан ёсны сувгаар авах боломжтой.
Хоёрдугаарт аль сургууль гуравдугаар сарын 30-наас өмнө заасан хугацаанд ирэхгүй бол сурах боломжийг хааж, тэтгэлэг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж буй талаар тодорхой мэдээллийг өргөдлөөр дамжуулан Гадаад харилцааны яаманд тавих хэрэгтэй байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас дээрх шаардлагыг тавьж байгаа сургуулиуд байвал бидэнд бичгээр мэдээл гэдэг шаардлагыг тавьсан юм. Тиймээс сургууль нь тэтгэлэгээ цуцална, сургуулиас нь хөөнө гэсэн асуудал байгаа бол Гадаад харилцааны яаманд ханд. Бусдаар тусгай үүргийн онгоцоор нислэгт багтаах бүртгэлийг хийж байна гэх ташаа мэдээлэл гарч байна. Ийм асуудал огт байхгүй" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ