Монгол цэргийн өдөр

Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баяр тохиож байна. Монгол цэргийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн 2003 онд Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэхээр заасан. Харин 2011 оноос уг өдрийг “Монгол цэргийн өдөр” болгосон билээ.
Тэртээ 1921 оны энэ өдөр Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулалдаан хийн уг хотыг эзлэн авсан гэж Монголын түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.
Түүнчлэн түүх сөхвөл 1921 оны гуравдугаар сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, Гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, Бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна. Мөн оны тавдугаар сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ. 1921 оны долоодугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ