"Гоё хувцас өмсөөд муу хүмүүсийг барина"

img

 

Хажуу айл, хамаатан садан, аавын  найз, буугаад мордох хэн бүхэнд   айлын хүүхдэд заавал тавих цээжний нэг асуулт байна. Уншигч та бүхэн ч бас олонтоо энэ асуултанд хариулж явсан биз.  Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ? 

 

Хүүхэд бүрийн, тэр дундаа хөвгүүдийн хариулт ихэвчлэн ижилхэн. Цэргийн хүн, цагдаа болно гэж хэвлэгхэн хариулахад  яагаад гэсэн асуулт заавал тавигдана.  Хариулт ердөө амархан. Гоё хувцас өмсчихөөд  муу хүмүүсийг барина. Хамгийн гэгээлэг хариулт.  Хүүхдүүдэд бол мөрдөстэй хувцас өмссөн хэн бүхэн баатар шиг санагддаг.Тиймээ баатар. Эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэх тэдгээр залуус  эгэл жирийн баатар. Эх орны хүү...

 

Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баяр тохиож байна.  Эх орныхоо аюулгүй манаанд үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн, биелүүлж яваа эрчүүдийн баяр. Энэ л өдөр өвөө нь гурван жил, аав нь хоёр жил, ах нь нэг жил цэргийн алба хаасан гэж бахдаж суух нь таатай. Гэхдээ хэдэн жил цэргийн алба хаасандаа бус цэргийн алба хаагаад ирсэн нь л хамгийн том бахархал. Монгол хүний үүрэг хариуцлагын үүднээс эрэгтэй хүн бүр цэргийн алба хаахыг зорьдог.

 

  Тийм ч учраас бид “эрчүүдийн баяр” гэж нэрийдээд энэ өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Гудамжинд дээр доор, дэн дун алхах хүмүүс баяр  хэр өргөн хүрээг хамардаг вэ? гэдгийг тод илтгэнэ. Таних танихгүй хүмүүс баярын  мэндчилгээтэй  зөрнө. Сайхан шүү.  

 

Гэвч энэ жил бидэнд баяр тэмдэглэх нь битгий хэл, байгаа байгаа газартаа байран суурин байхаас өөр сонголт байхгүй. Өөрсдийнхөө амь нас эрүүл мэндийн төлөө“Сovid-19” коронавирус ямар аюултайг ахин дурьдах шаардлагагүйгээр та бүхэн мэдэж байгаа.

 

Тиймээс он гарсаар үргэлжилсэн Цагаан сар, эмэгтэйчүүдийн баярыг гэр гэртээ бужигнан тэмдэглэцгээсэн. Баярыг зарлага багатай гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь хэн хэндээ хүндрэл учруулахгүй өрхийн төсөвт эергээр нөлөөлж байгаад басхүү сэтгэл өег.

 

Сэтгэлийн үгтэй мэндчилгээний үгсийг цахимаар дамжуулж эрүүлээр баярлаж, энгийн сайхан байна. Энэ нь баярын өдрийг улам ч үнэ цэнэтэй болгоод байх шиг. Өнөөдөр ч Зэвсэгт хүчний Ерөнхий команлагч мэндчилгээ илгээснээр төр, засгийн хэмжээнд баярын марш өндөрлөж байна.  

 

Төр засгийн шийдвэрийг түмэн дагах үүрэгтэй. Иргэд үүргээ ч сайн биелүүлж байна. Монгол цэргийн энэ өдрөөр гэр гэртээ гэмгүй сайхан баярлаарай, сүр жавхлант цэрэг, армийн дайчид аа.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Б.Эрдэнэтуяа:
Утсаа явуулаарай
2025-05-05
irgen:
zerezg,zagdaa hymyys saihaan saihan….bayar hyrgie
2020-03-18