ШУУД: Монгол улсад COVID-19 халдварын 10 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.21/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 193 хүн хяналт тандалт ажиглалтад байна. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 16-ны өдөр ирсэн 1506 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд COVID-19 вирус илэрлээ. Ингээд Монгол Улс нийт 10 батлагдсан тохиолдолтой боллоо.
Дорноговь аймагт батлагдсан тохиолдол буюу Франц иргэний хавьтал болох 58 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй. Мөн гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдолд вирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж тандалт судалгаа хийгдэж байна. Энэ иргэн тусгай үүргийн онгоцоор ирээгүй" гэж мэдээллээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна. Дэлхийн улс орнууд хил хаах, хичээл сургууль зогсоох зэрэг арга хэмжээг авч эхэлсэнтэй холбогдуулан Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод аймгийн боомтоор иргэд ихээр орж ирж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ