Монгол "ЯЛНА"

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Гайхал вирус дэлхийн 184 оронд тархаж, халдвар авсан хүний тоо 270 мянгад хүрч, 11 мянган хүн хорвоог орхиод байна. Саарын хажуугаар сайн мэдээ ч бий бөгөөд вирусийн халдвар авсан ч бүрэн эдгэрсэн 91 мянган хүн хэвийн амьдралаа үргэлжүүлэн дэлхийн хаа нэгтээ алхаж явна.

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн халдвар тээсэн 10 хүн байна. Тэдний биеийн байдал тогтвортой, сайжирч байгаа гэсэн сайхан мэдээ дуулдсан. Уг нь манайх их тэссэн. Урд хөршийн 11 сая хүн амтай Ухань хотод 2 мянган хүн нас барж , хөл толгой нь мэдэгдэхгүй мэгдэн сандарч байсан нэгдүгээр сарын эхэнд монголчууд харин ууц өвчүүний үнэ судалсан шиг, ул боовоо бэмбийлэх өдрөө товлон суулаа.

 

Тив алгасан тархсан титэм вирус манайхыг ч тойрсонгүй. Угаас Монгол Улс торойгоод үлдэх боломж тун хомс байсан ч Засаг төр, иргэд олон нийтгүй хичээн чармайсны хүчинд нэг, хоёрдугаар сарыг “өвчингүй” давлаа. Гэтэл Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр COVID-19 вирус зөөвөрлөн орж ирж, Франц улсын иргэн халдвар авсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Дараагийн тохиолдол Сөүлээс, түүний дараагийнх Берлинээс зөөвөрлөн орж ирснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 10-т хүрээд байна.

 

Хилээ хааж, хичээлээ зогсоож дотооддоо хөл хорио тогтоож айл хэссэнгүй, алт мөнгө ч цуглуулсангүй “томоотой” шинэлсэн ч хүний нутагт байр, хоолны мөнгөгүй бадарчилж явсан элэг нэгтнүүд минь тусгай үүргийн онгоцоор ирэхдээ гайт вирусийг аваад ирэв. Тэд хүсээгүй бас мэдээгүй. Хилийн цаана тэднийг хашиж үлдээгээд нүдэн балай чихэн дүлий суух хүн муутай чанар монголчуудад үгүй. Тиймээс ч төр, засаг шийдвэр гаргаж бусад улс оронд байгаа хүндэтгэх шалтгаантай иргэдээ тусгай нислэгээр татан авсаар байгаа юм.

 

Засгийн газрын захиалгат нислэгээр нийт 1000 гаруй иргэн эх орондоо ирж тусгаарлагдаад байна. Эхний ээлжийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусч гэртээ харих хугацаа дөхөж байгаа. COVID-19 вирусийн нууц үе 37 хоног гэж дэлхийн эмч, эрдэмтэд үзжээ. Гэтэл манай улс халдвар тээгчтэй хамт нэг онгоцоор, нэг агаараар амьсгалж ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлаад гаргах гэж байгаа нь зөв үү буруу юу гэдэгт олон нийт талцаж байна. Тусгаарлалтын хугацаа дуусч нийгмийн харилцаанд гарах иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах уу гэдэгт эргэлзэж байгаа. Сахилга, баттай сэтгэлийн хаттай байхад болно доо. Маскаа зүүгээрэй, гараа угаагаарай. Гадуур бүү сэлгүүцээрэй.

 

Уг нь ч уламжлалт анагаах ухааныг дэлхийн эмчилгээтэй хослуулаад байхад давчих л юм шиг санагдаад байгаа юм. Манай эмчилгээний тактик зөв байгааг ч эмч хэлсэн.

 

БНХАУ вирусийг ялсан гэж дэлхий нийт үзэж байна. Учир нь анх дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёрдахь хоногтоо дотоодын тохиодол бүртгэгдээгүй амжилттай байгаа аж. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс орнуудад итгэл өгч байна гэж ДЭМБ мэдээлсэн.

 

Саяхан л тагтан дээрээ бурхнаас аврал эрэн хашхирч зогссон Уханьчууд өнөөдөр COVID-19 халдварыг яллаа. Одоо харин Монгол, дэлхий ялах цаг ирээд байна.

 

Хүнд хэцүү бүхэн цаг зуурынх байдаг. Өнгөрсөн намар шинэ түлшиндээ дасч өгөхгүй “Өнөө жил өвөлждөг л байгаа” хэмээн толгой сэгсэрч суусан нийслэлчүүд өнөөдөр урин хавартай золголоо. Өөр нэг хаврын энэ өдөр “Тэр жил нэг их муухай вирус гараад” хэмээн өнгөрснийг хуучилж суух вий...

 

Сэтгэл тэнэгэр, итгэл дүүрэн ирэх өдрүүдийг угтаарай. Нэг л мэдэхэд бид зун, намар, өвөлтэй золгож дахиад л хаврыг угтана.

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
toon medeellyyd ih baga baina, joohon huuchirsan bna itgelee, delhiid tag dutamd oorchlogdoj baina, ochigdor baruunii tv-eer italid 2 minut dutamd 1 hyn nas barj bna geh met…boditoor bol evrop ih hynd bna
2020-03-23
prokoror Altanhuyag huniig huuramch hreg ter tusmaa S, Zorigiin heregt hideg huuramchar holbogduulan shalgaad mongo abdag reket hulgaich baihgui yu. Altanhuyaga chmaas hen aidiin Hu jin TAo chamig aytaihan bai gesen shdee.
2020-03-23