Гэртээ 14 хоног тусгаарлагдах иргэд өөрийгөө хуурвал үндэстэнд аюул нүүрлэнэ

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хоёр оронд COVID-19 вирусийн халдвар бүртгэгдэж, нийт 196 оронд өвчлөл гарлаа. ДЭМБ-ын мэдээгээр  дэлхий дахинаа батлагдсан тохиолдол 375 498, нас баралт 16362 бүртгэгдээд байна. Итали улсын нас баралтын хувь 10.03 хувьтай тэнцүү болсон. Испанид сүүлийн гурав хоногт тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн. Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцалж, дотоодын халдварыг хязгаарласан гэж үзсэн тул бизнесийн үйл ажиллагааг шат дараатайгаар эхлүүлж хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. АНУ халдварын голомтын дараагийн цөм болж болзошгүй байна. Тус улсаас зайнаас харилцах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч байна.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн COVID-19 халдварын улмаас хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Дэлхийн 156 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хаасан байна. Дэлхийн бүх улс орны эрүүл мэндийн байгууллагууд зайнаас харилцах, ингэснээр халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг зөвлөж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн зарим иргэний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа. Уг иргэд тусгаарлалтаас гарсан даруйдаа гэртээ 14 хоног өөрийгөө хянах үүрэгтэй. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш хатуу зөвлөмжийг өгч байгаа. Энэ иргэд дээд зэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх нь чухал.  Иргэдэд ТЕГ, ЦЕГ,  ОБЕГ зэрэг хүчний байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Хамгийн гол нь иргэд өөрийгөө хуурах аюултай гэдгийг хэлье" гэлээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа уушгины хатгалгаагаар өвчилсөн 28 хүнээс шинжилгээ авахад COVID-19 вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт, хяналтад байна. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнээс шинжилгээ авч, давтан шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу таван сорьцонд шинжилгээ хийж байна. Тухайлбал хамар залгиураас арчдас авч, цэр, цус, өтгөн, шингэнд шинжилгээ хийж байгаа юм. 

 

Франц улсад Монгол иргэн халдвар авсан албан ёсны мэдээлэл ирээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Норжмаа:
Гэрээсээ гарахгүй бж болох ч хамт амьдарч бгаа хүмүүс нь яах юэ
2020-03-30
Даваа:
Хөл хорионд тусгаарлагдсан иргэд ухамсартайгаар өөрийгээ тусгаарлаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Энэ асуудал бол хувь хүний гууцад хамаарах асуудал биш тул нэр усыг тодорхой ил тод мэдээлэх хэрэгтэй Хэн хаана амьдардаг талаар тэгвэл хөрш нь гэсэн хяналт тавьж төрийн үүргээс хуваана гэсэн үг. Дан ганц цагдаа, төр захиргааны ажилтан хяналт тавьж утсаар хянана гэдэг нь өрөөсгөл Хөршүүд , таньж мэдэх хүмүүс давхар хяналт тавиад дэглэмээ зөрчвөл иргэний үүргийнхээ дагуу холбогдох газарт нь мэдээлэх нь зөв юм. Хөл хорионы хугацаа дуусахаар хорионд байгаа иргэд бүх л аймаг сум руу гэр гэртээ ирэх нь ойлгомжтой
2020-03-28
Зочин:
Юун гэрлүү нь явуулах вэ 21 хоног гүйцээгээч Дараа нь ямар аюул нүүрлэхийг хэн ч таашгүйш дээ Франц шиг юм боуул сүйрнэ ш дээ 7 хоног нэмж тусгаарла
2020-03-27
Зочин:
Хөл хориог зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэ. Араас нь хяналтаа чангатгах. Түрүүн Тайландаас ирсэн хүмүүст гэртээ хөл хорихоор явуулаад хойноос нь нэг ч ярьж хяналт тавиагүй байна лээ
2020-03-26
Zochin:
Хэрэв хөл хориог зөрчвөл хуулийн хариуцлага хүргэх хүртэл арга хэмжээ авахгүй бол франц шиг л юм болно шүү
2020-03-26
Настан:
14 хоногийн дэглэмийг чандлан сахиж,гэр бүлээ монгол үндэстнээ хайрлах хамгаалах үүргээ та сайн биелүүлээрэй.Бид даанч цөөхүүлээ шүү.Таны ухамсар,эх оронч үзэл ЭНДЭЭС харагдана.
2020-03-26
gert:
ali site iin door bileedee 1hyn italias irj tusgaarlagdsan hyn garaad aaviind ireed yavsan bna gej bichsen bnlee.shalgah shalgah heregtei!heregtei!!!
2020-03-25