"Дараагийн нислэгээр шинжилгээ өгсөн, халдваргүй иргэнийг л татан авна"

Улсын Онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабааас ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэг үйлдэж хилийн чанадаас иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
- Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу
- Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
- Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Энэхүү гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзжээ.
Тусгай үүргийн таван нислэг үйлдэж 1000 орчим иргэнээ эх орондоо авчирсан. Дараагийн нислэгт хамрагдахаар хилийн чанад дахь 4805 иргэн хүсэлтээ хүргүүлсэн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв.
Берлин, Сөүл, Истанбулаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс COVID-19 халдвар илрээд байгаа. Үүнтэй холбогдуулан дараагийн нислэгээр ирэх иргэдэд тодорхой шаардлага тавих аж. Тухайлбал эх орондоо буцаж ирэх иргэд тухайн байгаа улс орондоо коронавирусийн шинжилгээ зайлшгүй хийлгэсэн байх бөгөөд шинжилгээ өгөх ажлыг аюулгүй, эрсдэл багатайгаар зохион байгуулахаар Монгол Улсааас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд ажиллаж байгаа аж. Монголд ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдах хугацааг 21 хоног болгон нэмэгдүүлсэн байна. Мөн тусгаарлах байрны төлбөрийг урьдчилан төлсөн байх шаардлагатайг санууллаа.

Иргэдийг татан авах ажлыг өмнө нь бүртгүүлсэн нэрсийн дарааллаар хоёр, гуравдахь онгоцонд суулгах юм байна. Татан авах ажиллагаатай холбогдуулан хүсэлт хүлээн авахгүй байгаа бөгөөд тасалбар бичих ажлыг "МИАТ" компани зохион байгуулж байгаа аж.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг авах 20 асуулттай асуумж байгаа. Уг асуумжид багтаасан 14 шинж тэмдгийг зорчигчид заавал бөглөх ёстой. Гэтэл үүнд хайнга хандаад байна. Мөн суудлын дугаарыг буруу бичдэг. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Суудлын дугаараа буруу бичсэнээс болж хажуудах хүндээ болон ажлаа хийж байгаа алба хаагчдад төвөг удаж байна. Мөн онгоцонд суухдаа хоол ундаа тохируулна. Онгоцонд хоол өгөхгүй. Мөн суухаасаа өмнө бие засч, биеэ бэлднэ. Тарааж өгсөн амны хаалтыг тодорхой цаг хугацаанд солиод явна. Солиод шууд газарт хаяхгүй байх хэрэгтэй" гэдгийг санууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас ачааг тодорхой хугацаанд тусгаарлах учраас эм тариагаа биедээ авч хувийн зохион байгуулалтад анхаарахыг зөвлөв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ