COVID-19: ОХУ хөл хориог зөрчсөн этгээдүүдийг торгоно

img

 

Сүүлийн үед COVID-19 вирусийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ОХУ цар тахлын хамрах хүрээг багасгах үүднээс хатуу арга хэмжээ ээлж дараалан авч байна. 

 

Тэр дундаа вирусийн улмаас тогтоосон хязгаарлалтыг мөрдөхөөс татгалзсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг торгох шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргажээ. 

 

"Бид өнөөдөр Захиргааны зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж, тогтоосон дүрмийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага ноогдуулах эрхзүйн орчныг бүрдүүлж байна. Бид иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг журам зөрчвөл торгоно" хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр оросуудын дийлэнх нь шаардлагатай дүрэм журмыг мөрдөхөд бэлэн байгаа ч "хөнгөн хуумгай" хандаж байгаа хүмүүс ч байгаа гэнэ.

 

Энэ арга хэмжээ нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн гэдгийг Оросын Ерөнхий сайд онцлоод үүссэн нөхцөл байдалд хариуцлагатай хандахыг уриалжээ.

 

Энд дуулгахад гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын тавны хооронд Моска хотод нийтийн хоолны бүхий л байгууллагууд, үсчин, гоо сайхны салон болон хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүдийг хаах тушаалыг Москва хотын дарга Сергей Собянин гаргасан.

 

Мөн өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ ирэх долоо хоногийг амралтын өдөр болгож байгааг зарласан юм.

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ