Д.Нямхүү: Халдвар аваад эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргалаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 202 улсад COVID-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. ОХУ-ын Эрхүү хотод анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд COVID-19 вирусийн улмаас 71321 хүн өвчилж, 33557 хүн нас барж, 136629 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2368 хүн тусгаарлан ажиглалтад байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Эмчлэгдэж байгаа эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног 5 зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан тул хоёр хүнийг эмчлэн эдгэрүүлээд эмнэлгээс гаргах гэж байна. Эмнэлгээс гарах хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрийгөө хянана. Анхны тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн энэ сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 202 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ