COVID-19: ОХУ АНУ руу эмнэлгийн тоног төхөөрөмж илгээжээ

Орос улс АНУ руу эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан онгоц илгээсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг Вести дамжууллаа.
"Орос улс бидэнд эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан маш том онгоц илгээсэн. Энэ үнэхээр сайн хэрэг" хэмээн Трамп мэдэгдсэн байна.
"Манай улс олон оронтой гайхалтай харилцаатай байдаг. Хятад улс манай руу зарим төрлийн материал явуулсан бол бусад орнууд наашаа ачаа илгээсэнд би үнэхээр гайхсан" хэмээн Трамп мэдэгджээ.
Энд дуулгахад, Орос улс Италид цар тахалтай тэмцэхэд нь тусалж, цэргийн мэргэжилтнүүдийг тусламжийн бараатай хамт илгээсэн. Оросын цэргийн мэргэжилтнүүд Италид ажилласаар байгаа бөгөөд энэ хугацаанд 20 мянган кв.м талбай бүхий найман объектийг халдваргүйжүүлжээ.
Италид туслах цэргийн эмч нарыг илгээх шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетэй утсаар ярьсны дараа гаргасан юм.
Оросуудаас гадна Хятад, Куба улс Италид туслаж байгаа бол АНУ Италид 100 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн бараа бүтээгдэхүүн олгоно гэж мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ