COVID-19: Буриадад халдварын тохиолдол 43 болжээ

Буриадад COVID-19 вирусийн халдвар авсан найман тохиолдол нэмж бүртгэгджээ.
Дөрөвдүгээр сарын зургааны байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөний тоо нийт 43 болсон бөгөөд тэдний шинжилгээ нь Новосибирскийн төвийн шинжилгээгээр батлагдсан гэж Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн хавьтагчдын тоо 1662 болсныг бүгдийг нь лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
Түүнчлэн халдварын сэжигтэй дахин найман өвчтөн байгаа бөгөөд тэдний шинжилгээг Сибирь, Алс Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээжээ.
Одоогийн байдлаар Буриадад халдварын зургаан голомт үүссэн, халдвар авсан хүмүүс Улаан-Үдэд төдийгүй Баргузин, Мухоршибир, Иволгинск, Тарбагатай, Байгал орчмын бүс нутгуудаас илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн гэр, ажлын газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ