Х.Ганхуяг: Горилогчдоос 100 сая төгрөг хураасан бол нэр, дансыг ил болгохыг шаардаж байна

“Хера холдинг”-ийн захирал Х.Ганхуяг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын хэсэг гишүүдээс ирсэн захидал болон тус намаас сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн горилогчдын асуудлаар мэдээлэл хийв. “Хера холдинг”-ийн захирал Х.Ганхуяг:
- Надад өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Үүнийг илгээсэн нь ардчилсан намын гишүүд гэж бодож байна. Захидал дээрээ ч АН-ын гишүүд гэж өөрсдийгөө дурьдсан байсан. Өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын асуудал, МАНАН бүлгэмийн асуудал нийгмийг нилээн цочирдуулж, эсэргүүцэлтэй тулгарсан. Үүнтэй зэрэгцэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН нэр дэвшихийг горилж байгаа хүмүүсээ дэнчин байдлаар 100 сая төгрөг цуглуулж эхэлсэн. Энэ нь Үндсэн хуулийн сонгох, сонгогдох тухай хуулийг хязгаарласнаас гадна сонгуулийн тухай хууль, мөн эрүүгийн тухай хуулийг маш ноцтойгоор зөрчсөн байна. Жишээлэхэд, Үндсэн хуулийн 14-р зүйл дээр заасан иргэн сонгож, сонгогдох эрх, Улс төрийн намын тухай хуулийн сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж болохгүй гэсэн зүйл заалт байдаг. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн иргэний сонгох, сонгогдох тухай хуулийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалт бий. Эрүүгийн тусгай хуулийн 14,5-д зааснаар иргэний сонгох, сонгогдох тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориуд саад учруулсан бол шийтгэнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 22,12-р зүйлд зааснаар дүрмээр олгогдсон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласаны үүднээс үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэх мэтчилэн заалтууд байна.
Миний зүгээс С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаа өгөх гэсэн юм. Энэ хугацаанд үнэн бол нэрс ил болго, мөн дансаа ил болго гэдгийг шаардах гэсэн юм. Яагаад гэвэл энэ 100 сая төгрөг, 60 тэрбум төгрөгөөс ямар ч ялгаа байхгүй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Улс төрчдөөр дамжуулан бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн хувийн эрх ашгаа хангуулдаг энэ байдал бол нууц биш хэмээн мэдээлэв.
Тэрбээр өөрт ирсэн захидал болон АН-аас сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан горилогчын нэрсийн жагсаалт гэх бичгийг мэдээллийн үеэр ил болгосон юм.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ