Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн бодлого саланги байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө хуралдаанаар "Алсын хараа -2050" тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. Гишүүн Ц.Цогзолмаа "Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөг боловсруулахдаа ямар тооцоо судалгаа хийсэн бэ", гишүүн Д.Тогтохсүрэн "Томоохон баримт бичиг болжээ. Нэг л зүйлд санаа зовж байна. Бид томоохон баримт бичиг гаргадаг. Өмнөх парламентын баримт бичгээ дараагийн парламент нь үгүйсгэх вий. Бодлогын томоохон баримт бичгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль санаачлагчаас гурван зүйлийг тодруулъя. Нэгд, хүн амын амьжиргааны түвшний асуудал байна. Коронавируситэй холбоотойгоор би ядуурлын түвшин нэмэгдэнэ гэж бодож байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд хичнээн ажлын байр бий болгох вэ? Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт буурсан. Монголд ажиллах хүч их байна. Хоёрдугаарт, нийслэлийн төвлөрлийг хэрхэн сааруулахаар тусгасан бэ? Гуравдугаарт, Монгол Улсын гадаргуугийн усыг ашиглах асуудлыг хэрхэн тусгаж оруулав? гэсэн асуулт тавьж байлаа.
Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-30 жилийг дүгнэхийн тулд бид олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзалт хийсэн. ЖАЙКА зэрэг байгууллагад засгийн газрын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилд засаглал тогтворгүй байсан хэрээр төрийн бодлого тогтворжоогүй. Эдийн засаг ч тогтворжиж чадаагүй. Эндээс эдийн засгийг хоёр дахин тэлэх нь зөв гэж үзсэн. Хоёрдугаарт, импортлогчоос экспортлогч болох томоохон зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудлыг анхаарсан. гжлийн хөтөлбөрийг боловсруулах явцад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн нь чухал байлаа. Хөгжлийн бодлогыг хуульчилна. Монгол Улсын хөгжлийн бодлого 567 саланги байна. Түүнийг нэг ном дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар хаана байхыг бид бас хэлэлцсэн гэсэн хариулт өгөв.
Гишүүд дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ