Монголын 126 оюутан нутаг буцаж явна

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Москвагаас Буриадын нийслэл Улаан-Үд хотоор дамжин Монгол руу буцахад Буриадын тал туслахаар болсон талаар өчигдөр бид мэдээлж байсан.
ОХУ бусад орнуудтай харилцах агаарын харилцаагаа зогсоосон тул 100 орчим оюутан Буриадаар дамжин Монгол руу явах бөгөөд тэднийг Буриадын Соёл, спорт, залуусын бодлогын яамны гарган өгсөн автобус, машинууд тосч, Хиагтын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлнэ гэж Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлж байсан юм.
"Хөрш орондоо туслах нь нэн чухал гэж үзэж байна. Шаардлагатай тээврийн хэрэгслийг гарган, дагалдан явж, оюутнуудыг нисэх буудлаас Орос-Монголын хил хүртэл хүргэж өгөх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн тухайн тээврийн хэрэгслүүдийн халдвар тархалтын аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ ажлыг холбогдох газрууд гүйцэтгэхийг хүсч байна " хэмээн Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдэгдэж байв.
Ийнхүү "хөрш орондоо туслах" тэргүүнийхээ хүсэлтийг хэрэгжүүлэн Буриадын Соёл, спорт, залуусын бодлогын яам болон холбогдох байгууллагууд Улаан-Үд хот дахь Монгол улсын Ерөнхий консулын газартай хамт Москвагаас ирэх оюутнуудыг тосох, тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
Энэ талаар Буриадын Соёл, спорт, залуусын бодлогын сайд Мария Бадмацыренова Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тодруулбал, SmartAvia агаарын тээврийн компанийн дотоодын тусгай нислэг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Москвагаас оюутнуудыг тээвэрлэн Улаан-Үд хотын "Байкал" олон улсын нисэх буудал дээр газарджээ.
Дотоодын тусгай нислэгээр 126 монгол оюутан ирсэн байна.
Тэднийг дөрвөн автобусанд суулган, хамгаалалтанд цагдаагийн машинаар дагалдуулан Хиагт хотруу хүрэхээр хөдөлжээ.
Оюутнуудыг тав тухтай тээвэрлэх үүднээс хүн бүрт хуурай хүнс, мөн Буриадын дурсгалт газруудын тухай бэлэг дурсгалын зүйлс бэлдсэн байна.
Сайд Бадмацыренова бичихдээ "Удахгүй бүх зүйл дуусна, эдгээр оюутнууд сайхан цаг ирэхээр манайд жуулчны хувиар ирэхэд нь бид тосон авна" хэмээн бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ