ВИДЕО: Чернобыльд гарсан гал АЦС руу ойртож байна
Чернобылийн орхигдсон бүсэд гарсан ойн түймэр Припять голын цаана гарч хаягдсан атомын цахилгаан станц руу дөхөж байгаа талаар Украины АЦС-ын оператор компани болох "Энергоатом" цөмийн эрчим хүчний үндэсний компанийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Дегтярнко мэдэгдсэнийг Life.ru дамжуулжээ.
Хэвлэлийн төлөөлөгчийн өгүүлснээр, галыг дөрөвдүгээр сарын дөрөвнөөс хойш унтрааж чадахгүй байгаа бөгөөд энэ хугацаанд хаягдсан хэд хэдэн суурин, Чернобыль-2 хаалттай цэргийн хотхоны нутаг дэвсгэр болон цацраг идэвхит ой шатсан байна. Шатсан газар болон модны зургийг мөн нийтэлжээ.
"Гал 50-70 метр өргөнтэй голын цаана хэрхэн гарсныг цагдаагийнхан хүмүүст тайлбарлаж өгнө үү. Энэ зориуд галдан шатаасан хэрэг биш гэж үү? Нөхцөл байдлыг хяналтандаа авсан мэтээр худлаа ярихаа зогсоо!" хэмээн Дегтяренко фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Харин тусгаарлагдсан бүсийг хариуцдаг улсын агентлаг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэл хийхдээ Припятийн зүүн талд гал байхгүй, ихэвчлэн хуурай өвс шатсан, гал унтраах шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан гэж онцолж байв.
Гэвч Чернобылийн атомын цахилгаан станцын ойролцоох объектоос авсан дүрс бичлэг "Энергоатом" компанийн ажилтны өгсөн мэдээллийг баталж байгаа бөгөөд дүрс бичлэг дээр гал цахилгаан станц руу улам бүр ойртож байгаа нь бичигджээ.
Энд дуулгахад, Чернобылийн атомын цахилгаан станцын бүсийн 20 га талбай багтсан нийт 100 га ой түймэрт шатсан талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Гал түймрийн голомт дээр цацрагийн идэвхижилт хэвийн хэмжээнээс 16,5 дахин нэмэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ