Түргэвчилсэн оношлуураар дахин хоёр иргэнээс COVID-19 илэрчээ


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр өглөө /2020.04.14/ ОХУ-аас эх орондоо ирсэн 13 иргэнээс COVID-19 вирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл дахин хоёр иргэнээс халдвар илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо" эмнэлэгт уушгины үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 80 гаруй насны өндөр настанд хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг буюу COVID-19 вирустэй гарсан байна. Түүнийг "Сонгдо" эмнэлэгт тусгаарлалтад авсан. PCR оношлуураар хийсэн шинжилгээний хариу маргааш гарна. Мөн тус эмнэлгийн лаборатороор үйлчилгээ авч байсаан уушгины бронхит өвчтэй 40 гаруй насны иргэнд COVID-19 халдварын шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Уг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа" гэв.
Өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд рүү зорчоод эргэн эх орондоо ирээд гуравдугаар сарын сүүлээр өвөөгөөтэйгөө уулзаад явсан аж. Улмаар тандалтын байдлаар өндөр настанд шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна.
Мөн "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгийн зөвхөн нэг өрөөнд халдвартай гэх иргэнийг тусгаарласан байгаа тул эмнэлгийг үйл ажиллагааг зогсоож, хаагаагүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ