АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоожээ

АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад оруулдаг хөрөнгө оруулалтаа зогсоосон талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
ДЭМБ үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэж Трамп үзэж байгаагаа илэрхийлсний дээр эрүүл мэндийг хамгаалах асуудлаар бусад орнуудтай хамтран ажиллах өөр хувилбарыг АНУ хайна гэж тэрбээр онцолсон байна.
"COVID-19 вирусийн тархалтын мэдээллийг нуун дарагдуулсан, энэ нөхцөлд зохион байгуулалт муутай ажиллаж байгаад нь үнэлэлт дүгнэлт хийх хүртэл ДЭМБ-ийг санхүүжүүлэхээ зогсоохыг би үүрэг болголоо" хэмээн Трамп мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, ДЭМБ COVID-19 хүнээс хүнд дамжих боломжтой тухай илтгэлийг хайхарч үзээгүйн улмаас цаг хугацаа алдаж, вирусийн тархалтын нөхцөл байдал муудсан гэнэ.
Түүнчлэн АНУ БНХАУ-тай хилээ хаах шийдвэрийг нь ДЭМБ эсэргүүцэж байсан нь буруутай үйлдэл болсон гэж Трамп үзжээ.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг шүүмжилж, тус улсын оруулдаг санхүүжилтийг зогсооно хэмээн мэдэгдэж байсан юм.
"Би Дэлхийн худалдааны байгууллагад сэтгэл дундуур шигээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилд ч сэтгэл ханамжгүй байна. Өчнөөн олон жил манай улсаас хулгайллаа. Эдгээр байгууллагуудыг би ихэр гэж нэрлэж байна. Тэд манай орноор олон жил тэтгүүллээ. Бид энэ талаар илтгэл гаргана. Бидэнтэй шударга харилцахгүй бол эдгээр байгууллагуудаас гарна" хэмээн Трамп мэдэгдэж байв.
Түүнчлэн АНУ-ын сенат ч энэ байгууллагыг шүүмжилж байгаа юм. Америкийн сенат титэм вирус үүссэн шалтгааныг мөрдөн шалгах ажил эхлүүлсний дээр ДЭМБ-ын ажлыг ч шалгахаар төлөвлөжээ.
Энд дуулгахад, ДЭМБ-ын хөтөлбөрийн төсвийг албан болон сайн дурын шимтгэл, татаасаар санхүүжүүлдэг. Албан шимтгэлийг тус байгууллагын гишүүн орнууд төлөх бөгөөд гишүүн орон бүрийн баялаг, хүн амаас хамааран тухайн орны төлөх мөнгөн дүн өөр өөр байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ