"Амар" зочид буудалд тусгаарлагдсан нэг хүнээс COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 31 болов.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс COVID-19 илэрлээ. Энэ нь ОХУ-аас ирсэн оюутан. Өмнө нь батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтлын хүн. Нийт халдвар авсан хүнээс тав нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм" гэв.
Манай улс дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 282 иргэнээ Алтанбулагийн хилээр нэвтрүүлж, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр иргэний 111 нь Дархан-Уул аймагт, 149 иргэнийг Улаанбаатар хотод тусгаарлах байранд ажиглалтад авсан. Харин сэжигтэй тохиолдол гэж үзсэн 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Эдгээр иргэний 14-өөс нь COVID-19 вирус илрээд байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 245 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-ийн төв лабораторид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 84, тээврийн жолооч 44, тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан сорьц 25, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүнд давтан шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1669 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ