Дэлхий даяар цар тахал тархаж, улс орнууд өөрийгөө тусгаарлах болон хөл хорионы дэглэм тогтоосоор байгаа юм.
Халдварын тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг улс орон бүрт харилцан адилгүй мөрдөж байна. Мөн хязгаарлалтын үед орлого нь тасалдсан иргэд энэ төрлийн хоригт ихээхэн тааламжгүй хандаж байгаа бол америкчууд дургүйцлээ илэрхийлэн жагсаал зохион байгуулжээ.
Тодруулбал, өөрийгөө тусгаарлах дэглэмийн нөхцлүүдийг зөөлрүүлж, байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал лхагва гаригт Мичиган, Кентукки, Юта гэсэн гурван мужид болсон талаар USA Today мэдээллээ.
Эдгээрээс хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг Мичиганы нийслэл Ленсинг хотын оршин суугчид зохион байгуулсан байна. Жагсаалд олон мянган хүн машинтайгаа оролцож, тусгаарлалтын горимыг цуцлахыг шаардсан зурагт хуудас машиндаа бэхлэн, мужийн захиргааны байр болон захирагчийн офисыг цуваагаар тойрон эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ арга хэмжээний улмаас хотын захиргааны байрнаас 1,5 км орчимд замын түгжрэл үүссэн байна.
Харин өнгөрсөн долоо хоногт хөл хорионы шаардлагыг чангатгасан, Мичиган мужийн захирагч Гретчен Уитмер жагсагчдыг машинтайгаа явсан тул хөл хорио зөрчөөгүй гэж үзжээ.
Харин Кентуккид зуу орчим жагсагч захирагч Энди Беширийн ажлын байрны цонхон доор цугларч, энэ үеэр иргэддээ хандан мэдэгдэл хийх гэж байсан захирагчийн мэдэгдлийг тасалдуулахыг оролдон дуу дуулж, хашгиралдаж байсан гэнэ.
Юта мужийн Сент-Жорж хотод олон зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид утгийн захиргааг цуваагаар тойрч, хөл хорионы улмаас хаагдсан байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг шаардсан байна. Тэд болон ойрын хүмүүс нь цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээний улмаас ажилгүй болсон гэж жагсагчид өгүүлжээ.
Г.Бямбасүрэн