COVID-19: Шведийн гүнж эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна

Шведийн гүнж София цар тахал дэгдсэн энэ үед гар хумхин суулгүй, өвчинтэй тэргүүн эгнээнд тэмцэгчдэд туслахаар шийдсэн тухай Daily Mail мэдээлжээ.
Тэрбээр гурав хоногийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж, эмнэлэгт сувилагчаар ажилд орсон бөгөөд COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүсийг аврахад туслах аж.
Шведийн вант улсад 12,5 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 1333 хүн нас баржээ. Цар тахлын үед бусад орнуудын адилаар эрүүл мэндийн салбар хүчтэй цохилтод өртөж, эмч, сувилагчид хүрэлцэхгүй байгаа гэнэ. Тиймээс 35 настай гүнж цар тахалтай тэмцэх ажилд гар бие оролцохоор шийджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр София гүнж Стокогольм хот дхь Софиахеммет эмнэлэгт сувилагчаар ажилд орсон байна.
Энд дуулгахад, София гүнжийг Шведэд "Үнсгэлжин" хэмээн нэрлэдэг гэнэ. Учир нь түүний гүнж болсон түүх "Үнсгэлжин" үлгэрийг санагдуулам бөгөөд тэрбээр гимназид сурч байхдаа л эцэг эхээсээ хараат бус байхын тулд зөөгч хийдэг байжээ. София "Paradise Hotel" гэх реалити-шоунд оролцож байсан бөгөөд Шведийн ханхүүтэй гэрлэх үеэр нь түүний ил задгай гэрэл зурагнууд гарч ирэн, багагүй шүүмжлэлд өртөж байжээ. Түүний нөхөр Шведийн хааны цорын ганц хүү бөгөөд ханхүү, гүнж хоёр гэрлээд хоёр хүүхэдтэй болсон бөгөөд София ханхүүтэй гэрлэхээс ч өмнө сайн үйлсийн ажил хийдэг байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ