Сувилагч: Тэдний сүүлчийн удаа хамт хийсэн зүйл нь олон жил мөрөөдсөн ХУРИМ

Сүүлчийн замдаа гарахаас өмнө хуримаа хийсэн өвчтөнд тусласан сувилагчийн тухай сурвалжлагыг ВВС нийтэлснийг товчлон хүргэе.
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр сувилагч Софи Брайант-Майлз Баруун Йоркширийн Бредфорд хотын эмнэлэгт анх удаа шөнийн жижүүрээр ажиллах болов.
Ээлж солигдох үеэрээ тэрбээр тасагт нь олон өвчин хавсарсан мөн COVID-19 вирусийн халдварын сэжуигтэй залуу эр хэвтэж байгааг олж мэджээ. Түүнийг хэзээ мөдгүй нас барах байх гэж эмнэлгийн мэргэжилтнүүд ярьсан байна.
Өвчтөн залуугийн хажууд бээлий, амны хаалт, тусгай хормогч, хамгаалалтын нүдний шил зүүсэн эмэгтэй сууж байгааг Софи олж харав. Энэ эмэгтэй өвчтөний сүйт бүсгүй байжээ. Тэд хамтдаа 15 жил амьдарсан, охинтой болсон ч хуримаа хийж амжаагүй байсан гэнэ.
Энэ байдлыг мэдсэн Софи сувилагч тэдэнд туслахаар шийдэн, хотын санваартанд хандаж, тэднийг гэрлүүлж, адислаж өгөхийг хүсчээ.
Санваартан түүнд хуримын ёслолын хэсгийг л зохион байгуулж чадна, хос нэгэндээ "гэрлэхийг зөвшөөрч байна" гэсэн үгийг хэлнэ, гэхдээ энэ гэрлэлт хууль ёсных болж чадахгүй гэдгийг дуулгажээ.
Ингээд санваартан ирж, залуу хос "Үхэл биднийг салгах хүртэл хамтдаа байна" гэсэн тангаргийн үгсийг хэлж, санваартан тэдэнд фольга цаасаар хийсэн бөгж гардуулан, охиныг нь видео дуудлагаар холбогдуулж, ёслолд оролцуулсан гэнэ.
Тэдний хурим энгийн хурим шиг байсангүй. Сүйт бүсгүй болон бусад зочид бүгд хамгаалалтын хувцастай, харин сүйт залуугийн нүүрийг хамгаалалтын хаалтаар халхалжээ. Гэлээ ч бүгд туйлын аз жаргалтай байсан гэж сувилагч бүсгүй ВВС-д ярьсан байна.
"Дараа нь бид хуримын зураг авахуулсан, тэд хүссэн юм л даа. Энэ хуримыг яг л жинхэнэ мэт хийхийг хичээсэн. Бялуу хүртэл байсан шүү" хэмээн сувилагч ярьжээ.
Эмч нарын оношилсноор сүйт залуу тэр шөнөө давж гаралгүй нас барах байсан гэнэ. Тэрбээр тангаргийн үгсийг хэлэх гэж бүхий л чадлаараа хичээн, зарим үед амьсгал нь тасалдаж дэмий л аврал эрэн харж байсан гэх. Сүйт бүсгүй нь ч ихэд хичээн, заримдаа нулимсаа барьж дийлэлгүй үгээ тасалж байжээ.
"Сүйт бүсгүй хайртай залууд нь амьдрах хугацаа тун бага үлдсэнийг ойлгож байсан. Тэд ч өөрсдөө хамтдаа хийж байгаа сүүлчийн зүйл нь энэ гэдгийг бүрэн ухаарч, ёслолыг хийхийг үнэхээр их хүссэн" хэмээн Софи сувилагч ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ