COVID-19: БНХАУ Оростой хиллэдэг Харбин руу орох замыг хаав

Оростой шууд хиллэдэг Хятадын Хармөрөн мужийн нийслэл Харбин хот руу орох зам харилцааг хааж, бусад хотын оршин суугчид болон энэ хотын дугааргүй автомашинуудыг нэвтрүүлэхийг хоригложээ. Энэ бүс нутгийг Хятад дахь COVID-19 вирусийн тахлын хоёр дахь давалгааны голомт гэж нэрлэж байгаа талаар РБК мэдээллээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр нутгийн оршин суугчид халдваргүй гэдгийг нь гэрчлэх мэдээлэл бүхий QR код авах ёстой бөгөөд энэ кодоо шалгуулан гэрээсээ гарч болох гэнэ. Мөн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх шаардлагыг тавьжээ.
Харбин бол Оросын хэд хэдэн бүс нутагтай хиллэдэг БНХАУ-ын хамгийн хойд муж болох Хармөрөн мужийн нийслэл юм. Энэ хотын хүн ам 10 сая бөгөөд Хар мөрөн муж Хятад дахь COVID-19 вирусийн тахлын хоёр дахь давалгааны голомт болсон гэж үзэж байгаа аж. Сүүлийн 10 хоногт энэ хотод 57 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Хятадад 82 798 халдварын тохиолдол бүртгэгдэснээс 1616 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Халдвар авсан хүмүүсээс 4632 хүн нас баржээ. Харин сүүлийн нэг хоногт БНХАУ-д 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ