COVID-19: "Тулаанд зөвхөн шонхрууд ниснэ"

Хойд хөрш ОХУ-д COVID-19 вирусийн халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 27-ны өглөөний байдлаар 80 мянгыг давлаа.
Энэ улсын бүрэлдэхүүнд багтах, манай улстай хил залгаа Буриад улсад ч нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Ердөө нэг сая хүрэхгүй хүн амтай /985 937 / энэ улсад гуравдугаар сард COVID-19 вирусийн халдварын хоёр тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд үүнээс хойш эрчимтэй нэмэгдэн, дөрөвдүгээр сарын 27-ний байдлаар халдварын тохиолдол 217-д хүрчээ.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр тус улсад 20 орчим эмч, эмнэлгийн ажилтан энэ аюулт өвчнөөр өвдсөний дээр COVID-19 вирустэй хийх тэмцлийн тэргүүн эгнээнд зогсох эмнэлгийн ажилтнууд төдийлөн хүрэлцэхгүй байгаа юм.
Энэ хүнд үед, аюулт өвчинтэй тэмцэхэд туслахаар тэтгэвэртээ гарсан эмч нар нэгдэж эхэлжээ. Энэ талаар Буриадын Халдварт өвчний эмнэлгийн ерөнхий эмч Татьяан Сымбелова мэдээлсэн байна.
"Тулаанд зөвхөн шонхрууд ниснэ" ажиллагаа эхэллээ. Хотын №4 эмнэлгийг түшиглэн халдвартын эмнэлгийн шинэ хамт олныг бүрдүүлэх шаардлагатай болсон. Бидэнд туслхаар ДОХ-ын төв, халдвартын эмнэлгийн эмч, сувилагч, асрагчид гэсэн тэтгэвэртээ гарсан эмнэлгийн ажилтнууд нэгдлээ" хэмээн Татьяна Сымбелова мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 26-ны 15.00 цагийн байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын тохиолдол 217-д хүрсэн байна.
Информполис цахим хуудсын мэдээлснээр, ням гаригийн өглөөний 08:00 цагт халдвар 209-д хүрсэн хэмээн мэдээлж байсан бол ердөө хэдхэн цагийн дараа ийнхүү 217 болжээ. Халдвар авсан хүмүүсийн дунд 26 нь №4 эмнэлэг дэх голомтоос илэрсэн бөгөөд тэдний 22 нь эмнэлгийн ажилтнууд аж.
Өмнө нь халдварын тохиолдол ихэвчлэн бусад бүс нутаг эсвэл гадаад орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж байсан бол ийнхүү эмнэлгийн ажилтнууд халдвар авснаар дотоодод нь халдвар дэгдсэн байна.
Буриадын тэргүүн Цыденовын мэдэгдсэнээр эмч нар халдвар авсан ч үүнийгээ нуун, цааш тараажээ.
"№4 эмнэлэг дээр ноцтой, бүдүүлэг алдаа гарсан. Хөл хорионд байсан эмнэлгийн ажилтан хорионы бүх нөхцөлийг зөрчин, ханиад томууны шинж тэмдэг илэрсэн үед эм ууж, хоолойгоо бэлдмэлээр зайлсны улмаас энэ нь шинжилгээний хариунд нөлөөлж, өнөөдөр эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар тархсан харамсалтай нөхцөл байдал үүслээ. Эдгээр ажилтнууд өвчний шинж тэмдгээ нуусан! Өнөөдөр халдварын тохиолдол 217 болчихлоо. Үүнд №4 эмнэлгийн ажилтнууд буруутай. Тэндэхийн сувилагч эмэгтэй нөхөртөө халдвар тараасан, нөхөр нь түргэн тусламжийн машины жолооч, дээр нь дүүргүүдээр явж ажиллаж байсан. Одоо манайх тэр чигтээ голомт болчихлоо" хэмээн Алексей Цыденов мэдэгджээ.
Ням гаригийн байдлаар энэ №4 эмнэлэгт 10 эмнэлгийн ажилтан халдвар авсан бөгөөд үүнд эмнэлгийн түргэн тусламжийн албаныхан багтжээ. Улмаар эмнэлгийн ажилтнуудыг бүгдийг нь тусгаарласан байна.
Ийнхүү эмнэлгийн ажилтнууд олноор халдвар авсан ч тус эмнэлгийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа бөгөөд халдварт өвчинтэй хүмүүсийг эмчлэх ажилд өөр эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд татагдан оролцож байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ