Д.Нямхүү: Монгол эмч нар Франц иргэнийг эмчилж чадлаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэж буй өвчтөн үгүй. Халдвар авсан бүх хүн эдгэрсэн тухай таатай мэдээллийг түгээжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл АНУ, Англи, Турк улсад гурван хувиар нэмэгдсэн байна. АНУ-д дөрвөн хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн. Сингапурт найм хоногт, Японд ес хоног тутамд тус тус хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Франц улсад нас баралт буурч улсын хэмжээнд 242 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын Засгийн газрын зүгээс хөл хориог хэрхэн сулруулах төлөвлөгөөгөө ирэх ням гарагт танилцуулна гэж мэдээлжээ. Герман улсад шинэ тохиолдол 1700 гаруйгаар нэмэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 154 мянга болжээ. Тус улсын зүгээс гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэр бүлийнх биш бол хоёроос дээш хүн цугларч хамт байхыг хориглож хүмүүс хоорондын харилцааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн.
Сингапур улсад 931 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна. Япон улсад шинэ тохиолдол 72 бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи хамгийн бага тохиолдол нэмэгдсэн өдөр болжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд өчигдөр /2020.04.26/ сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 161 хүний шинжилгээ хийхэд вирус илэрсэнгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй. Мөн тандалтын зорилгоор таван сорьцонд шинжилгээ хийлээ. Дундговь, Дархан-Уул аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй.
Сайхан мэдээ дуулгахад 47 хоног эмчилгээ хийсний үр дүнд Франц улсын иргэний бүх шинжилгээний хариу сөрөг гарсан тул "Энхсаран" амралт сувилалд шилжиж байна. Монгол эмч нар Франц иргэний биеээс коронавирусийг зайлуулж чадлаа. Энэ хүн маш хүнд ирсэн. Тэр өдрөөс дэлхий биднийг харж эхэлсэн. Бид жишиг боллоо. Гадаад улсын иргэнийг эдгээж, сайхан хандсаны хариуг бусад улс орон харж, манай улс орны иргэдэд сайхан хариу барих болов уу гэж бодож байна" гэлээ.
Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 38 болсон. Үүнээс ийнхүү 10 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Мөн ажиглалатд 743 хүн бий.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ