Д.Отгонмөнх: Хүний нутагт байгаа нэгэндээ чадах чинээгээрээ туслаарай

img

 

Гадаадад байгаа монголчуудтай www.shuud.mn сайт цуврал ярилцлага хийж, уншигчдадаа хүргэж байгаа. Энэ удаад манай сайтын уншигч Украйн улсын Харьков хотын ХАИ- Харьковский авиационный институтийн  оюутан Д.Отгонмөнх ярилцага өгөх хүсэлт илгээсэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

 

-Украйн улсад нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Энд гуравдугаар сарын 03-ны өдөр  коронавирусийн халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 11 хүртэл  бүх сургууль танхимын сургалтаа зогсоож, цахим сургалтад шилжин, хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэвч  цаг үеийн байдлаас үүдэн тавдугаар сарын 01 хүртэл сунгасан.  Одоогийн байдлаар Украйн улсад нийтдээ 9410 хүн вирусийн халдвар авсан байна. Миний амьдарч байгаа Харьков хотод сүүлийн үеийн мэдээгээр коронавирусийн халдвар авсан 208 хүн байна. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч иргэд нь хариуцлагагүй хандаж, амны хаалт зүүхгүй, байрны гадаа олноороо цугларч, халдварт өвчин гараагүй юм шиг сэрэмжгүй  байна. Амны хаалт зүүсэн хүн байгаа ч, олон биш. Түүнээс болоод өвчлөл нэмэгдэж байгаа.  Украйны Засгийн газраас иргэддээ тавих хяналт сайн биш байна.

 

-Манай улсын хэдэн оюутан суралцаж байна вэ?

 

-Одоо Украйн улсын хэмжээнд  нийт 61 монгол оюутан байгаа. Зарим оюутнууд өвлийн амралтаараа хил хаахаас өмнө харьцгаасан. Энд үлдсэн бид фэйсбүүк групп нээж хоорондоо  холбоотой байна. Украйн улсад монголчуудын амьдарч байгаа гурван хотод  Оюутны зөвлөлийн дарга байгаа. Мэдээллээ солилцож байна.

 

-Гуравдугаар сарын 15нд танхимаар хичээллэхийг зогсоосон. Цахим хичээлийн хувьд ямар байна вэ?

 

-Онлайнаар хичээл ороход дутагдалтай байна. Цахим хичээлээ үзээд ойлгоогүй зүйлсээ ойлгох гэж цаг зав зарцуулж байна.

 

-Оюутны дотуур  байранд амьдарч байгаа юу?

 

-Тиймээ. Оюутны байрандаа амьдарч байна. Би Хятад улсын оюутантай хамт амьдардаг. Энд суралцдаг оюутнууд дотуур байрнаасаа гаралгүй өөрсдийгөө тусгаарлаж, хамгаалаад байж байна.

 

-Дотуур байрны жилийн төлбөр дунджаар  монгол мөнгөөр хэдэн төгрөг  байдаг вэ?

 

-Сургууль сургуулиасаа хамаараад өөр өөр. Дотуур байр нь блокон системтэй, Коридорын системтэй гэж хоёр өөр.  Блокон системтэй бол нэг блокондоо найм эсвэл таван өрөө байна. Коридорын системтэй бол 30-40 өрөөтэй энэ зохион байгуулалтаасаа шалтгаалаад өөр өөр байна. Коридорын системтэй байранд ганцаараа амьдарна гэвэл сарын ойролцоогоор 180 мянган төгрөг төлдөг. Олуулаа амьдарлаа гэж бодоход зуны саруудад халаалт зогссон байх учраас монгол мөнгөөр  сарын 70 мянга, өвлийн улиралд 90-110 мянган төгрөг төлнө. Өнөөдрийн тухайд 70 мянган төгрөг төлж байна.

 

 

-Оюутны байрандаа  нэг өрөөнд хэдүүлээ амьдарч байна?

 

-Нэг өрөөнд дөрвөн хүн байх боломжтой. Зарим оюутнууд дөрвөн хүн байхаар олон байна гээд байрныхаа мөнгийг нэмж төлөөд гурваараа, хоёроороо, ганцаараа байгаа. Миний хувьд Хятад улсын нэг оюутантай хоёул байна.

 

-Амны хаалт хүрэлцээтэй байна уу?

 

-Амны хаалт хүрэлцээгүй байна. Халдвар гарахаас өмнө  нэг удаагийн маскийг монгол мөнгөөр бодоход 200 төгрөгөөр зардаг байсан. Халдвар гарсны дараа 2000-3000 төгрөг болж өссөн. Гэвч одоо маск олдохгүй байна. Украйн улсын иргэд өөрсдөө даавуугаар маск оёж онлайнд  байршуулан зарж байна. Мөн гар ариутгагчийн үнэ нэмэгдсэн.

 

-Аж ахуй нэгж, үйлчилгээний газрууд нь ямар зохицуулалтаар ажиллаж байна вэ?

 

-Музей, номын сан, кино театр спорт заал, зоогийн газар үйл ажиллагаагаа зогсоосон. Хүнс, өргөн хэрэглээний барааны худалдааны төвүүд ажиллаж байна. Ажиллаж байгаа газрууд нь гадаа хүмүүсийг дараалуулан зогсоогоод  нэг нэгээр нь оруулж, үйлчилж байна. Хүнсний дэлгүүрт нь орохдоо заавал гараа ариутгаж, уутан бээлий өмсөж үйлчлүүлнэ.

 

-Хүнсний барааны үнэ нэмэгдсэн үү?

 

-Нэмэгдсэн. Хорио цээрийн дэглэм тогтоосны дараа цагаан будаа, бор будаанаас эхэлж, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн дууссан. Зарж байгаа газар нь барааныхаа үнийг нэмсэн.

 

-Эмч, эмнэлгийн байгууллагын үйлчилгээ нь хэр байна вэ?

 

-Коронавирус гарснаас хойш эмнэлэгт үзүүлж, үйлчлүүлээгүй. Бид ч эмч, эмнэлгийн байгууллагын хангамж нь  муу байгаа гэдгийг цахим мэдээллээс харж байгаа. Маскны хүрэлцээ муу, амьсгалын аппарат, тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Байдал хүндэрч байгаа учраас гадны улсуудаас тусламж хүсч байна. Бид сургуульдаа сурахаар есөн сард ирэхдээ эмчийн үзлэгт ордог. Оюутнууд үзүүлдэг нэгдсэн эмнэлэг бий. Эмнэлгийн байгууллага нь хүнд сурталтай. Биднийг гадаад иргэд мэдээлэл сайн биш гэж.  Жишээ нь, цусны шинжилгээ өгөхөд шинжилгээ, эмчилгээний төлбөр гэж биднээс авах ёсгүй мөнгө авдаг. Бид өвдөхөөрөө эм уугаад, Монголоос авч ирсэн чацарганы шүүс, чанартай хоол хүнс идэж өөрсдөө аргалдаг.

 

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна уу?

 

-Гуравдугаар сарын 15-нд хөл хорио тогтооход нь  нилээн хэдэн амны хаалт авсан. Одоо хэрэглээд дуусч байна. Эхэндээ гар ариутгагч олдохгүй байсан. Гар ариутгагч олдохгүй бол бактерийн эсрэг саван авч хэрэглэж байгаа. Бид дотуур байранд байгаа болохоор 00 болон гал тогоог нийт дундаа хэрэглэдэг. Ингэж хэрэглэхээр эрсдэл өндөр.

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Бусад улс оронд гарч байгаа шиг гадуурхагдах, зодуулах, халдлаганд өртсөн асуудал гараагүй байна. Бид ч байрнаасаа гарахгүй байгаа. Долоо хоногтоо нэг удаа зөвхөн хүнс цуглуулах гэж гарах хэрэгтэй болдог.  Гэхдээ  хүмүүс зайгаа барих, эвгүй харах  зэрэг биеийн хэлэмжээрээ илэрхийлж байна. АНУ, Япон, БНЭУ зэрэг дэлхийн улс оронд   байгаа маш олон хүний талаар ярьж байна. Хэцүү хүнд нөхцөлд байгааг нь  бид өөрсдөө гадаадад амьдарч байгаа болохоор ойлгож байна.Гэхдээ Украйн, Беларус гэх жижиг улс орнуудад байгаа хүмүүсийг тоож ярихгүй юм. Энд  өдөрт 300,400 халдвар бүртгэгдэж байна. Одоохондоо гайгүй байгаа ч  ийм байдал үргэлжилсээр  байвал байдал маш хэцүү болно.

 

-Өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж цагийн ажил хийх боломжгүй байгаа байх. Санхүүгийн байдал?

 

-Украйн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Сар бүрийн тэтгэлэг нь монгол мөнгөөр 120-130 мянган төгрөг. Тэр тэтгэлгийг авахын тулд маш өндөр шалгууртай учраас цөөхөн оюутан авдаг. Дотуур байрын зардал, оршин суух үнэмлэхний зардал, хоол хүнс бүх зүйлээ хувиасаа оюутнууд даадаг. Энд халдвар гарахаас өмнө ч ажиллах боломж байдаггүй. Засгийн газраас нь оюутнуудыг ажиллахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Бид ар гэр, аав ээжээсээ ирсэн мөнгөөрөө амьдардаг. Халдвараас үүдэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас санхүүгийн байдал хүндэрч байна. Зөвшөөрөл байсан ч ажил олдохгүй.

 

-Манай улсад иргэн амны хаалт зүүхгүйгээр олон нийтийн газраар явбал Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгох болсон. Украйн улсад?

 

-Тийм арга хэмжээ байхгүй. Тоглоомын талбайд амны хаалт зүүгээгүй олон хүмүүс тоглоод, өөртөө биш юм гэхэд хүүхдэдээ ч амны хаалт зүүлгэлгүй дагуулаад явж байна. Украйн улсын иргэд хайнга зан гаргаж байна.

 

-Польш улсад суугаа Элчин сайдын яамнаас тусламж дэмжлэг үзүүлж байна уу? Эх орондоо ирэх хүсэлт гаргасан уу?

 

-Польш улсын Варшав хотын ЭСЯ-нд харьяалагддаг. Украйн улсад өргөмжит консулын газар бий.  Эдвуард Рубин гэх Украйн улсын иргэн  монголчуудыг хариуцсан төлөөлөгчөөр ажилладаг. Оюутнууд эх орон руугаа явах хүсэлтээ Өргөмжит консулаараа  дамжуулан Варшав дахь Элчин сайдын яамандаа хандсан. Элчин сайдын яамнаас ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Өвчтэй, зайлшгүй шаардлагатай эсвэл УОК-аас зөвшөөрөл авсан хүмүүс л явах боломжтой гэсэн хариулт хэлсэн. Тэгэхээр бид явах боломжгүй. Биднийг  нөхцөл байдал гайгүй байгаа дээр авч болохгүй гэж үү? Одоо авбал эх орондоо очихоор эрсдэл бага байна гэж бодож байгаа.

 

-Дархлаагаа яаж дэмжиж байна вэ?

 

- Чацарганы шүүсээ уугаад,  үнэтэй ч гэсэн үхрийн мах, шим тэжээлтэй хоол идэж байна.

 

-Олон нийтэд хандаж хэлэхэд?

 

-Байгаа газар бүрээ анхаарал болгоолмжой байгаарай. Чартер нислэгээр хоёр,гурав дамжаад нисээд очлоо гэхэд 21 хоног тусгаарлагдана. Монголд ч гэсэн ээж аавын ажил өмнөх шигээ хэвийн явахгүй байгаа. Тусгаарлалтын төлбөр дамжин очихоор хамгийн багадаа бол гурван сая төгрөг болж байна. Энэ бага мөнгө биш. Тэглээ гээд  бүгдийг нь хөнгөлөх боломжгүй гэдгийг ч ойлгож байгаа ч  оюутнууддаа хөнгөлөлт үзүүлээсэй гэж хүсэж байна. Мөн биднийг аваасай гэж хүсэж байна. Мөн бид адилхан хүний нутагт байгаа юм чинь чадах чинээгээрээ нэг нэгэндээ туслаарай. 

 

-Баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

Г.Мичидмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain oxin bains mongoliin tur zasag demjix xeregtei irdeduid tes ex or il saixan bolgonoo
2020-05-02
харамсалтай:
гадаадад байгаа оюутнууддаа адаглаад санхүүгийн туслалцаа үзүүлээсэй
2020-05-02
chi eruul baih bolnoo. mongol hun baina daa.chamaig abah bolnoo.
2020-05-01
бусад улс өөрсдийнхөө иргэдийг үнэгүй тусгаарлаж байна эрүүл мэндийн даатгалтай хүний төлбөрийг даатгалаас гаргах ёстой уок 3 тэрбумын хандив аа гадаадад баыгаа иргэдэдээ зориулж тэтгэмж өгөх ёстой
2020-05-01
zochin:
Za er ni zerlegduu mash xetsuu uls daa Tend surax gej yavsny xereggui Oyutnuudaa tatax xeregtei
2020-05-01
irgen:
iim ayultai gazar yah gej hyyhdyyd surgadag um be, ukrain gej aimshigiin ulsaas garahgui um baihgui bolson….orost ene metgejleer surah ni yasan um be, shiljyyleh heregtei shdee,,,irgenii daintai gazar yagaad oyutnuud yavuuldag um be ??? mash zerleg hymyystei oron…yaj iigeed tend baidag hymyysee avah heregtei shdee
2020-05-01
Hoorhii de orovdmoor
2020-05-01