ВИДЕО: Зөвхөн монгол хүнийг дэмж, монголчууд ЧАДНА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулж байна.
Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/ эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-Та бүхэн СЕХ-нд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиа илэрхийлж, баримт бичгээ өгч, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Та бүхнийг хуулиа дээдэлж ажиллахыг хүсч байна. Амжилт хүсье гэв.
ХҮН-ын дарга Зөв хүн электрат эвслийн тэргүүн Б.Найдалаа:
-Зөв хүн электорат эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. Манай эвсэл Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намаас бүрдсэн. Бидэнд Монгол Улсын өнөөдрийн асуудлыг шийдэх, хулгайгаас салах, цаашдын хөгжилд хүргэх цэгцтэй, судалгаатай бодлого, хөтөлбөр байна. Түүнийг хэрэгжүүлэх чадварлаг, ид насны мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжилтнүүд байна. Бидний бодлого, хөтөлбөр бусад намаас ялгаатай. Бид таван сая төгрөг амлаагүй, гурван сая төгрөг амлаагүй. Хийх ажил, төлөвлөгөөг амлаж байна.
ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:
- Зөв хүн электорат эвсэл анх удаа парламентын сонгуульд орох гэж байна. Бид Монгол хүнээ дээдэлсэн, хүнээ хөгжүүлсэн дөрвөн жил болоосой гэж хүсч байгаа юм. Тийм ч учраас бид байгальдаа ойрхон, цахим шинэчлэлтийг зоригтой хийсэн, төрийн бүтцийг сонгох, үр ашгийг дээдэлсэн Засгийн газрыг байгуулахаар зорьж байгаа. Бид мөрийн хөтөлбөртөө амлалт өгөөгүй.
Зүй ёс намын дарга н.Насанбилэг:
-Бид өнгөрсөн 30 жил хөгжлийнхөө сонголт дээр алдаа гаргасан байсан. Бид шинэчлэл хийхийн төлөө эвлэлдэж нэгдэж эвсэл байгуулсан. Монгол Улсад ядуурлыг байхгүй болгож, эдийн засгийг хөгжүүлж, Монгол хүндээ хөрөнгө оруулалт хийдэг сайхан орныг байгуулахын төлөө та бүхэнтэй хамт зүтгэнэ гэв.
Дараагаар нь ХҮН-ын дарга Зөв хүн электрат эвслийн тэргүүн Б.Найдалаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ удаагийн сонгуульд яагаад эвсэл болж оролцож байна вэ?
-Хүн нам, бидний анхнаасаа ярьдаг зарчим бол Монголчууд нэгдэх ёстой. Нам, нас үл харгалзан хамтарч байж Монгол Улсын ирээдүй тодорхой болно. Тэгж бид асуудлаа шийднэ. Улс төрийн сонгуульд оролцоно гэдэг нь суудал авахын тулд, хэнтэй ч хамаагүй боломж харж эвсдэг зүйл биш. Албан тушаалын төлөө хэнтэй ч хамаагүй нийлдэг зүйл биш. Үүний цаана үзэл баримтлал гэж байдаг. Бодлого, баримтлах, мөрдөх, зарчимтай. Монголын Социал Демократ нам болон Зүй ёс нам, Хүн намтай адилхан зүүн төвийн, хүний хөгжлийг дээдэлсэн үзэл баримтлалтай. Мөн хулгайгаас ангид, ёс суртахуунтай байх зарчмыг баримталдаг. Тиймээс бид эвссэн юм. Хамгийн гол нь зүгээр хамтрах биш зарчим, ёс суртахуун дээрээ нийлж байж Монгол Улсын асуудлыг шийднэ. Улсыг хөгжүүлнэ.
-Ямар мөрийн хөтөлбөр зорилт, дэвшүүлж байна вэ?
-Цементэд биш хүндээ,иргэндээ хөрөнгө оруулах, байшин барилгад биш хүндээ, анги танхимд биш багш, сурагчид, ямаанд биш малчинд хөрөнгө оруулах үндсэн зарчимтай. Монгол Улсыг дэлхий дээр гаргах зүйл бол технологийн хөгжил. Технологийг бид бусдаас түрүүлж эзэмшсэнээр 3 сая хүн 300 сая хүн мэт хүчтэй, хүчирхэг болж дэлхийд өөрийгөө гаргах боломжтой. Манай монголчууд үүнийг чадаж байгаа. Энийг дэмжиж, санхүүгийн хөшүүрэг, бизнесийн орчинг нь бий болгож дэмжих ёстой. Дараагийн гол зарчим Монголчууд нүүдэлчин улс. Бид байгаль орчиндоо ээлтэй, хайртай ойрхон амьдардаг. Үүнийг бид дэлхийд ялгарах ялгарал болгох ёстой. “Covid-19” эсрэг монголчууд бид сайн байна. Энэ санамсаргүй тохиолдол биш. Монгол хүн бүрт ийм чадавхи байгаа. Үүнийг сэрээж, дэлхий дээр хөгжлийн жишиг болговол бид үнэхээр амархан хөгжин мандана. Энэ гурван зүйл бол “Зөв хүн электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн үндсэн зарчим юм.
-Мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй юу?
-Мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй. Сонгууль дөхөөд 3 саяыг амлаад, ямаанд 20 мянган төгрөг өгдөг зүйл биш. Энэ бол хорин жил судалж, ажиллаж ирсэн мэргэжилтнүүдийн гаргасан хөтөлбөр. Хөтөлбөр гэхээр урт, удаан 500 хуудастай цааш биш. Ер нь хөгжлийн төлөө гэдэг цаас байдаггүй. Энэ бол зөвхөн Монголчуудыг яаж сэрээх вэ? гэдэг үндсэн зарчмыг сөхөж байгаа юм. Монголчуудыг сэрээгээд хүний хөгжилд нь анхаараад Монгол хүнийг ажилд нь оруулах юм бол ямар ажлыг сайн нугалаад, хөгжлийг өөрөө бүтээчихнэ Түүнээс тэр хүнд битгий цалин амла, битгий худлаа, хоосон байр амла, Энэ бол бид нарын үндсэн зарчим болно. Монгол хүн бүгдийг өөрөө чадна. Зөвхөн Монгол хүнийг дэмж.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ