Тэтгэмж нэмэгдсэнээр хүнс өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх үү?

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аялал жуулчлал, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа зогсож, байгууллагууд ажлын байраа цомхтгож байгаа юм. Ажлын байрны цомхтголд өртөж ажилгүй болсон иргэд юу хийх, яаж орлого олохоо мэдэхгүй ажил хайсаар л...
Гэвч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын нөхцөлд шинээр ажилтан авч байгаа аж ахуй нэгж байгууллага ховор. Аз таарч ажилтан авна гэсэн зар байлаа ч өрсөлдөөн ширүүссэн учраас ажилд орох эсэх нь эргэлзээтэй. Коронавирусийн вакцин хэзээ гарч, энэ халдвар хэзээ зогсохыг хэн ч мэдэхгүй. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл эдийн засаг улам л доройтож, иргэд бүр ч хэцүү байдалд орохыг эдийн засагч, мэргэжилтнүүд анхааруулж байгаагийн дээр дэлхий улс орнууд ч энэ хүндрэлийг даван туулахын тулд иргэдийнхээ амжиргааг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм.
Манай улс ч шат дараатайгаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ээлжит алхмынхаа талаар тавдугаар сарын зургааны өдөр нийтэд зарлав. Шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд:
-Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг
-Тавдугаар сарын 01-ээс аравдугаар сарын 01 хүртэл бага орлоготой иргэдэд сар бүр 32 мянган төгрөг, хүүхдэд 16 мянган төгрөг
-Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 306 хүн сардаа 188 мянган төгрөг авдаг. Үүн дээр 100 мянган төгрөг авдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхэд тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх
-Малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрүүдийг гаргасан.
Энэ шийдвэрийг иргэд талархан хүлээж авч байна. Гэсэн ч мөнгөн тэтгэмж бодит туслалцаа болж чадах уу? Засгийн газраас “мөнгө тарааснаар” хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг таагүй жишиг манайд бий. Энэ талаар иргэд ямар бодолтой, мөн шинээр олгогдох мөнгөн тэтгэмжийг хэрхэн зарцуулахаар төлөвлөж байгаа талаар сурвалжиллаа.
БЗД-ийн оршин суугч Д. Баяржаргал:
-Хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгнө гэж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Тэгэхээр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Төрөөс хүүхдүүдэд маань өгч байгаа болохоор хүүхдүүддээ хадгаламж нээж өгнө, хүнс хэрэглээндээ зарцуулна даа. Зарцуулах зүйл ч их байна. Нөөцийн мах авах гээд очихоор үхрийн мах нь хамгийн түрүүнд дуусчихсан байх юм. Нөөцийн махны үнэ боломжийн, чанар сайн хэдий ч өдөрт худалдаалагдаж байгаа хэмжээ нь бага юм уу даа. Зах худалдааны төвүүдээр махны үнэ нэмэгдсэн байна.
Иргэн Н.Гончиг:
-Засгийн газартаа талархаж байна. Энэ хүнд үед мөнгөн тэтгэмж их тус болно. Гэхдээ иргэдийн гар дээр хэдэн төгрөг ирэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь тун тоогүй. Тэтгэврийн мөнгөөр амьдарч байгаа бидэнд захын лангуун дээр зарж байгаа мах үнэтэй байх юм. Нөөцийн мах борлуулж байгаа гэх боловч настай бид чинь зорьж очиж авч чадахгүй юм. Тэгээд л гэрийнхээ ойр байгаа дэлгүүр, захаас худалдан авч байна.
Иргэн Д.Болормаа:
-Иргэд ажилгүй, орлогогүй болсон энэ үед бэлэн мөнгө өгөхөөр болсон нь цагаа олсон шийдвэр байж мэдэх. Нөгөөтэйгүүр, сонгууль хаяанд тулсан энэ үед иргэдийн санал авах гэсэн арга ч юм шиг харагдаад байх юм. Манай улс төсөвтөө тодотгол хийхгүй, хэмнэсэн зардлын эх үүсвэрээр зорилтот бүлэгт тэтгэмж олгож байгаа гэх ч сонгуулийн дараа ямар байдал угтах вэ гэдэг нь эргэлзээтэй. Мөн яг энэ нөхцөлд жирийн ажил хөдөлмөр эрхэлж, улсад татвар төлдөг залуучуудад чиглэгдсэн дорвитой арга хэмжээ одоо хэр нь гараагүй л байна шүү дээ.
Иргэд ийнхүү Засгийн газраас гаргасан шийдвэрүүдэд өөр өөр байр суурьтай байна. Иргэдтэй уулзсаны дараа худалдааны төвд хүнсний ногоо, махны үнэ ямар байгааг сонирхлоо.
Баянзүрх худалдааны төв:
-Хонины мах цул: 10000 төгрөг
-Хонины ястай мах 10500 төгрөг
- Меркури худалдааны төв
-Хонины ястай мах-13800 төгрөг
-Үхрийн цул мах-16500 төгрөг
-Үхрийн ястай мах-14000 төгрөг
-Төмс:1200 төгрөг
-Лууван:2000 төгрөг
-Байцаа:2500-3500 төгрөг
-Манжин:4000 төгрөг
-Богд ар зах
-Хонины цул мах:12000 төгрөг
-Хонины ястай мах: 10800
-Байцаа: 1800 төгрөг
-Лууван:1800 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Энэ бол Засгийн газар шийдвэрээ танилцуулсан тавдугаар сарын зургааны өдрийн ханш. Цаашид тэтгэмжийн мөнгө иргэдийн гар дээр очсоны дараа хүнс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн эсэхийг бид дахин тодруулна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ