Алдарт Бэнкси Британийн эмч нарыг супер баатрын дүрээр мөнхөлжээ

Стрит-арт андерграунд зураач, Бэнкси гэх нууц нэрээр алдаршсан зурааж ээлжит бүтээлээ Английн Саутгемптон хотын эмнэлгийн ханан дээр байрлуулжээ.
Нэг квадрат метр талбайтай хар цагаан өнгийн энэ зургийг эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцсөний дараа сэхээн амьдруулах тасгийн ойролцоох ханан дээр өлгөсөн байна.
Энэ зураг дээр хогийн савны хажууд суусан хүүг дүрсэлжээ. Хүү Хүн аалз болон Бэтмэн тоглоомыг орхиж, шинэ супер баатраар тоглож байгааг харуулах бөгөөд шинэ супер баатрын дүрээр Үндэсний эрүүл мэндийн албаны сувилагчийг дүрсэлсэн байна. Сувилагч Супермен агаарт нисдэг шиг гараа урагш сунгажээ.
Сувилагч амны хаалттай, ардаа нөмрөгтэй байх бөгөөд хормогч дээр нь улаан загалмай зурсан байна.
Энэ зургийг бүтээсэн Бэнкси "Хийж байгаа бүхний тань төлөө талархаж байна. Энэ зураг хар цагаан өнгөтэй ч энэ газрыг илүү тод өнгөлөг болгоход туслана гэж найдна" хэмээн эмч нарт зурвас үлдээжээ.
Бэнксигийн бүтээл намар хүртэл эмнэлэгт байх бөгөөд дараа нь дуудлага худалдаагаар худалдаж, олсон мөнгийг Үндэсний эрүүл мэндийн яаманд хандивлах аж.
Бэнксигийн бүтээл байрласан Саутгемптоны эмнэлгийн удирдлагууд тус эмнэлгийн хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан хэмээсэн байна.
"Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед эрүүл мэндийн салбарын бүхий л ажилтнуудын хувь нэмэрт талархлаа илэрхийлэхийн тулд Бэнкси чухамхүү манай эмнэлгийг сонгосон нь маш их хүндэтгэл" хэмээн эмнэлгийн дарга Пола Хед өгүүлжээ.
Дашрамд дуулгахад, Бэнкси бол Английн стрит арт андерграунд зураач, улс төрийн идэвхитэн, найруулагчийн нууц нэр юм. Түүний намтарын талаар маргаантай олон хувилбар бий. Тэрбээр 1990-ээд оны сүүлээс гудамжинд граффити зурах болсон ч түүнийг чухам хэн болохыг хэн ч мэддэггүй байв. Анхлаад Британи даяар алдартай болсон түүнийг өдгөө дэлхий дахинаа мэддэг болсон юм.
Одоогоос хоёр жилийн өмнө, 2018 оны 10 дугаар сард Бэнксигийн "Бөмбөлөг барьсан охин" бүтээл дуудлага худалдаагаар орж, өндөр үнээр зарагдсаны дараа дуудлага худалдаанд оролцогчдын нүдэн дээр зураг устгагдаж байв. Зурагны жаазанд цаас хэрчигч суурилуулсан байсан бөгөөд ийнхүү зургаа устгах болсон шалтгаанаа Бэнкси "Устгах эрмэлзэл бол мөн л уран бүтээлч сэдэл" хэмээн цахим хуудсандаа тайлбарлаж байлаа.
Жаазанд суурилуулсан цаас хэрчигч зөвхөн нэг хэсгийг устгаж, харин үлдсэн хэсэг шинэ урлагийн бүтээл болсон бөгөөд "Хогийн саван дахь хайр" нэртэй болсны дээр үнэ нь хоёр дахин өсч байлаа.
Бэнкси нууц нэрээр бүтээл туурвидаг энэ зураач, найруулагчийг өнөө хэр нь хэн болох ямар зүс царайтайг хэн ч мэддэггүй.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ