Сергей Шойгу: "Дайны үеэр Монгол Улс хамгийн түрүүнд ЗХУ-д тусалсан"

Тавдугаар сарын долооны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой видео холбоогоор холбогдсон талаар Оросын "Звезда" телевиз мэдээллээ.
"Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Тавдугаар сарын есний өдөр бид 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ" хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.
Мөн Гитлерийн Герман итгэл эвдэн Зөвлөлт Холбоот Улс руу довтлоход Монгол Улс хамгийн түрүүнд тусалсан гээд тухайн үед Монгол Улсын дэмжлэг нэн чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэжээ.
"Фронтод зориулж 500 мянга гаруй агт нийлүүлсэн. Энэ бол асар их тоо. Монголчуудын хандиваар 53 танк бүхий "Хувьсгалт Монгол" танкийн бригад байгуулж, энэ бригад 1943 онд Курск, 1945 онд Берлинд дайтаж байлаа" хэмээн Шойгу мэдэгдсэн байна.
Түүнчлэн Монгол улсын бэлэглэсэн сөнөөгчдөөс бүрдэх "Монгол ард" нисэх онгоцны эскадрил фашистуудыг бут ниргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Оросын Батлан хамгаалахын сайд дурсжээ.
"Энэхүү үнэлж барамгүй тусламжийг дурсан хоёрдугаар сарын 23-ны өдөр "Патриот" цэцэрлэгт хүрээлэнд "Бүгдийг фронтод, бүгдийг Ялалтын төлөө" үзэсгэлэн гаргасан" хэмээн Сергей Шойгу өгүүлжээ.
"Патриот" цэцэрлэгт хүрээлэнгийн унтаг дэвсгэр дээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Гол сүм, "Дорога памяти" дурсгалын цогцолборыг барих ажил дууссан хэмээн Шойгу өгүүлсэн байна.
"Тэнд, дайны үеийн үйл явдлын бүхий л оролцогчид болох 33 сая гаруй хүний нэр, гэрэл зураг байрлуулсан. Мэдээж фашизмтай хамтран тэмцэж байсан Монголын ард түмний тусламжийн талаарх дурсгал ч бий" хэмээн Шойгу өгүүлжээ.
Мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг зохих ёсоор нь тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ үйл явдалд зориулсан парад Улаан талбайд болох үеэр "Хувьсгалт Монгол" гэсэн бичигтэй танк явж өнгөрнө хэмээжээ.
"Үүний зэрэгцээ Москвад болох ёслолын арга хэмжээнд Таныг оролцохыг урьснаа дахин баталгаажуулж байгаагийн дээр Монголын цэргүүд ч энэ парадад оролцоно гэж найдаж байна" хэмээн Шойгу мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ