"Хориотой хот"-ыг нээнэ

COVID-19 вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс БНХАУ даяар хөл хорио тогтоож, түүхэн дурсгалт газруудыг хааж байв.
Харин нөхцөл байдал сайжирсны дараа Хятадын эрх баригчид түүхэн дурсгалт газруудад дахин жуулчин хүлээж авах шийдвэрийг гаргажээ. Өмнө нь Ухань хотод алдарт Шар тогоруун цамхаг дахин үүд хаалгаа нээж байсан бол энэ удаад Хориотой хот жуулчдыг хүлээж авахар бэлтгэж байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 12-ний өдрөөс эхлэн Бээжин хотод байх Хориотой хот өдөр бүр 5000-8000 жуулчин хүлээж авах боломжтой болох гэнэ.
Жуулчид нэвтрэх тасалбарыг интернэтээр худалдан авч, амны хаалт зүүн, музей рүү орохдоо биеийн халууныг хэмжүүлэх ёстой юм байна. Хориотой хот тавдугаар сарын нэгнээс эхлэн хэсэгчлэн нээгдсэн бөгөөд Хятадад Хөдөлмөрчдийн эв санааны өдрийг тохиолдуулан таван өдөр баярын амралт тохиодогтой холбоотойгоор ийнхүү нээгдэж байв.
Эргэн сануулахад, COVID-19 вирусийн халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс музейг нэгдүгээр сарын 25-нд хааж байлаа. Энэ онд Хориотой хот байгуулагдсаны 600 жилийн ой тохиох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ