Монгол Улсад сүүлийн 24 цагт COVID-19 халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.011/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхий дахинаа хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 хувиар өсч, нээлттэй утасны дуудлага 5 дахин нэмэгдсэн байна. Улмаар Итали улсад гар утсаар залгахгүйгээр тусламж хүсэх апплейкшн гаргаж, Францад зочид буудлуудаа тусгаарлах байр болгох арга хэмжээ авч эхэлжээ.
АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Франц, Турк улсад дэлхийн хэмжээнд халдвар хамгийн өндөр байгаа 10 улсад багтаж байна. АНУ-д тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1.3 сая хүн халдвар авснаас 78 мянга гаруй хүн эндсэн байна. Мөн өнгөрсөн ням гарагт 1731 нас баралт шинээр бүртгэгджээ.
ОХУ-д өчигдөр 11 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдэж нийт халдварын тоо 209 мянга болж, нас баралтын тоо 1915 болжээ. Хүн амын дунд өргөн хүрээгээр шинжилгээ хийх боломж хомс байгаа учраас халдварын тоо үүнээс илүү байх магадлалтай байгааг судлаачид хэлсэн байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 42 болсон. Эдгээрээс 14 хүн эдгэрч, 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Ажиглалтын байранд 986 хүн тусгаарлагдаад байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ