ДЭМБ: Тамхичид COVID-19 вирусийн халдвар авах эрсдэл бага гэдэг нь худал мэдээлэл

COVID-19 вирус тархаж эхэлснээс хойш энэ вирусээс хамгаалах, ямар хүмүүс халдвар авахгүй байгаа зэрэг тахалтай холбоотой олон нөхцөл байдлын талаар хуурамч мэдээлэл дэлхий дахинд гарсаар ирсэн.
Үүний нэг нь тамхи татдаг хүмүүс коронавирусийн халдвар авахгүй байгаа гэх мэдээлэл юм. Энэ мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага няцаажээ.
Тамхи нь коронавирус болон бусад ямар ч төрлийн өвчнөөс хамгаалахгүйн дээр хүний уушгийг эрсдэлд оруулдаг гэдгээрээ илүү аюултай юм. Тамхи татдаг хүмүүст халдвараас үүдэлтэй өвчлөл хүндрэх эрсдэл муу зуршилгүй хүмүүсийнхээс өндөр байдаг гэсэн судалгаа бий.
"Түүнчлэн тамхи бол зүрх судасны өвчин, хавдар, амьсгалын замын өвчин зэрэг халдварт бус өвчнүүдийн эрсдлийн гол хүчин зүйл болдог. Энэ төрлийн өвчинтэй хүмүүс коронавирусийн халдвар авбал өвчин хүндрэх эрсдэлтэй" гэж ДЭМБ ахааруулсан байна.
Энд дуулгахад, жил бүр тамхины хор хөнөөлийн улмаас дэлхий даяар найман сая хүн амиа алддаг бол үүнээс 1,2 нь дам тамхидалтад өртсөн хүүхдүүд, эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ