"ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүнээс COVID-19 илэрлээ"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.014/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийлээ. Франкфуртын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний эхний шинжилгээ сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр COVID-19 вирус илэрсэн тул эмчилгээг эхлүүлсэн. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн" гэв.
ОХУ-аас гурван онгоцоор өчигдөр Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж шинжилгээг эхлүүлээд байгаа юм.
Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдэж нийт тохиолдлын тоо 61 боллоо.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ