АНХААР: 2008 оны цаг агаарын аюулт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй

Маргаашнаас цаг агаарын аюулт үзэгдэл болох талаар дарга Цаг уур, орчны шинжилгээни газрын дарга С.Энхтүвшин, Урьдчилан мэдээлэх хэлтсийн тасгийн дарга Л.Оюунжаргал, ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар шуурхай мэдээлэл хийлээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн тасгийн дарга Л.Оюунжаргал:
-Маргааш өдөр Хэнтий Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 секунд хүрч, хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна. Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Бусад аймгийн нутгаар Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурна. Энэ сарын 14-15ны хооронд шилжих шөнө төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст, тэр дундаа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэхүү үзэгдэл 2008 оны тавдугаар сарын 26-аас 27-нд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй байна. Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 28, зарим үед 34 метр хүрч, Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурганы үзэгдэл, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдсан. Бусад Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байсан. Тухайн үед 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган орчим мал хорогдож, эрчим хүчний олон шонгууд унаж, 100 гаруй гэр байшингийн дээвэр нурсан. Хүний амь эрсэдсэн нь иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалсан. Ирэх өдрүүдийн үзэгдэл тухайн үеийнхтэй ижилхэн байна. Зүүн гурван аймгийн нутгаар 16,17-нд үргэлжлэн хур тунадас орж хүчтэй салхи шороон шуурга шуурна" гэв.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б. Дуламсүрэн:

-Цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цаг агаарын мэдээллийг тогмол сонсож, бусдад дамжуулах, ажил амьдралдаа дагаж мөрдөхийг анхааруулж байна. Энэ сарын 15,16-ны өдрүүдэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, хол ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар зайлшгүй замд гарч байгаа бол автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахуунаа нөөцлөх, дулаан хувцаслахыг анхааруулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аймаг орон нутгийн зам, давааг хаах арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс иргэд та бүхэн энэхүү шийдвэрийг дагаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ