МАН-ын нэр дэвшигчид тодорч байна

16:00 цаг:
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөлөөс баталснаар Баянзүрх, Баянгол, Хан-Уулд нэр дэвших хүмүүсийн нэрс тодорчээ. Хан-Уул дүүрэгт Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Баянгол дүүрэгт Ж.Ганбаатар, Ж.Батбаясгалан, Хасуурь Ганхуяг, Чингэлтэй дүүрэгт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Т.Ганболд, Баянзүрх дүүрэгт Ө.Энхтүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Л.Наранбаатар нар дэвших юм байна.
УИХ-ын дөрвөн гишүүн энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин нар нэрээ татсан байна.
МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна
12:00 цаг:
МАН-ын бага хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байна. Бага хурлыг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлсний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
Энэ удаагийн хуралдаанаараа МАН УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ. Тэрбээр “Би УИХ-д 12 жил суулаа. Тавьсан зорилгодоо бүрэн хүрлээ. 100 хувь биелүүлсэн. Улс төрч хүн зорилготой байх ёстой. Түүндээ хүрсэн. Намайг улс төргүйгөөр төсөөлөх аргагүй. Намаа ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхээ одоо хэлэх боломжгүй. Тухайн үеэс шалтгаална” гэсэн байна.
МАН-ын бага хурал болж байна
10:00 цаг:
МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордон болж байна. Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуулиараа өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулж, маргааш СЕХ-нд хүргүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ