Осолд өртсөн охинд цагдаагийн алба хаагчид гэнэтийн бэлэг барив

Зам тээврийн осолд өртөж хөлөө гэмтээж улмаар гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бяцхан охин Гоомаралд Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерѳнхий газрын хэвлэл мэдээллийн тѳвийн алба хаагчид хамтран өнгөрсөн долоо хоногт гэнэтийн бэлэг барьжээ.
Тухайн өдөр Гоомарал охины төрсөн өдөр тохиосон юм. Цагдаагийн байгууллагаас энэхүү арга хэмжээгээр дамжуулан бяцхан зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг жолооч нарт уриалжээ.
Хүүхэд осолд өртөж, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирох нэг үндэс нь зориулалтын, хамгаалалтын суудалд тээвэрлэдэггүй явдал гэдгийг албаныхан хэлдэг. Хамгаалалтын суудал хүүхдийг ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах эрсдэлээс 75-90 хүртэл хувиар хамгаалдаг аж.
0-6 настай хүүхэд 100 хувь эцэг эхийн хараа, хяналтан дор гадуур явах, зам хөндлөн гарах ёстой. Гэтэл эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд зам тээврийн ослоор нас барах, хүндэвтэр гэмтэл авах тохиолдол их байна. Мөн ослын шалтгааныг авч үзвэл 70 хувь нь хөдөө орон нутгийн замд гарсан байх бөгөөд хүүхдийг өвөр дээрээ авч явах, жолоочийн хажуу талын суудалд суулгах зэргээр буруу тээвэрлэснээс болжээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Осол гэдэг зөвхөн золгүй явдал биш. Бүхий л ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн хариуцлага чухал.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ