ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.020/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд COVID-19 халдвар бүртгэгдсэн байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 94 мянган хүн халдвар авч, халдварын улмаас 4 мянга гаруй хүн амь насаа алджээ.
Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улс тэргүүлж байна. АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 24 мянга гаруй шинэ тохиолдол 930 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил улсад шинэ халдварын хамгийн олон буюу 17408 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. БНСУ-д 32 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Улмаар нийт халдварын тоо 11110 болжээ. Тус улсын зүгээс шөнийн клубын голомтод халдварыг хязгаарлаж чадсан гэж мэдэгдсэн ч дахин эмнэлгээс голомтод халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь COVID-19 вирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, Орхон аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, ажиглах байрны 165, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан тав, таналтын зорилгоор цуглуулсан 32 хүний сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй" гэлээ.
Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 140 байна. Үүнээс 26 хүн эдгэрсэн бол 114 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 87 хүний биеийн байдал хөнгөн, 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ