Johnson & Johnson  хүүхдийн цацлагаа зах зээлээс эргүүлэн татна
2020-05-20

 

Америкийн Johnson&Johnson компани Baby powder хүүхдийн цацлагыг үйлдвэрлэхээ зогсоон, энэ бүтээгдэхүүнийг АНУ болон Канадын зах зээлээс эргүүлэн татна гэж мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. Хэдийгээр ердөө хүүхдийн цацлагын талаар яригдаж байгаа ч энэ бүтээгдэхүүн нь Johnson&Johson компанийн орлогын багагүй хувийг эзэлдэг юм. 

 

"Baby powder  цацлагыг цаашид үйлдвэрлэхээ зогсоох шийдвэрийг компани гаргалаа. Энэ шийдвэр АНУ болон Канадын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилнэ" хэмээн Johnson&Johnson компанийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ийнхүү үйлдвэрлэхээ зогсоож байгаа бүтээгдэхүүний эсрэг иргэд олноор зарга үүсгэж байлаа.Энэ бүтээгдэхүүнд асбест агуулагддаг, улмаар энэ нь хавдрын өвчлөл үүсгэж болзошгүй гэж нэхэмжлэгчид батлаж байв. Харин компани бүтээгдэхүүн нь олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан, аюулгүй бүтээгдэхүүн гэж мэдэгддэг юм. Тиймдээ ч бүтээгдэхүүнээ зах зээлээс татах шийдвэр гаргаснаа "COVID-19 цар тахалтай холбоотойгоор хэрэглээний бараа бүтээгдэхүүний сагсыг дахин үнэлсэнтэй холбоотой" хэмээн тайлбарлаж байгаа аж.

 

"Хойд Америкт хэрэглэгчдийн дадал өөрчлөгдсөний улмаас Johnson's Baby хүүхдийн цацлагын эрэлт эрс буурсан, түүнчлэн бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх худал мэдээлэл болон сурталчилгааг шүүхээр байнга хориглож байгаа нь эрэлт буурахад нөлөөлсөн" хэмээн J&J компанийн мэдэгдэлд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин