Дэлхийн эрүүл мэндийн сайд нарын хуралд Д.Сарангэрэл урилгаар оролцоно

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.025/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж 5 сая 486 мянган хүн өвчилж, 346 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 мянган хүн шинээр өвчилж 2000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн шинээр COVID-19 вирусийн халдвар авснаас Буриад, Эрхүү, Тува мужид өвчлөл өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгджээ.
АНУ, Бразил улс батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д хоногийн хугацаанд 1000 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил улсын мэдээллээр 15800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 363 мянга гаруйд хүрчээ. Тус улсад нас баралт 6.2 хувьтай байна.
Энэтхэгт батлагдсан тохиолдлын тоо 131 мянга гаруй болов. БНХАУ-д өчигдөр 11 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь ӨМӨЗО-нд гадаад улс орноос зөөвөрлөгдөн оржээ.
ХӨСҮТ-өөс "Өнгөрсөн хоногт нийт 22 хүний шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй.Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарч дараагийн шатны эмчилгээнд шилжиж байна" гэж мэдээллээ.
Энэ долоо хоногт болох Дэлхийн эрүүл мэндийн сайд нарын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч буй туршлагаа хуваалцах аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ