Монголд гацсан Казахстаны иргэд Ерөнхийлөгчөөсөө тусламж хүсчээ

Коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнө Монгол руу явж, тэндээ гацсан Казахстаны иргэд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевд хандан, эх орондоо буцахад нь туслахыг хүссэн гэж "Радио Азаттык" мэдээллээ.
COVID-19 вирусийн тахал дэгдсэний улмаас Казахстаны эрх баригчид гуравдугаар сарын дундуур хилийн чанадаас ирэх агаарын зорчигч тээврийг хүлээн авах, олон улсын автобус тээврийн харилцааг бүрэн зогсоосон юм. Тиймээс Монголд ирсэн Казахстаны иргэд буцах боломжгүй болж, Ерөнхийлөгчөөсөө тусламж хүсчээ.
Казахстаны Ерөнхийлөгч Токаевд хандан тэдгээр иргэд видео бичлэг хийсэн бөгөөд бичлэг дээр нэгэн иргэн гуравдугаар сард Монголд ирсэн гээд "Коронавирусээс болж бид буцах боломжгүй болсон. Энд бидний төрөл төрөгсөд амьдардаг" хэмээн ярьжээ.
Монголд байгаа өөр нэгэн Казахстаны иргэн болох Оразай Галымбекулы ярихдаа Монголд Казахстаны 100 орчим иргэн гэртээ харих боломжгүй байгаагаас ихэнх нь Баян-Өлгий аймагт, бусад нь Улаанбаатарт байгаа хэмээсэн байна.
"Гуравдугаар сард аав маань өнгөрч, би энд ирсэн. Казахстаны Акмолинск мужид жирэмсэн эхнэр маань үлдсэн юм. Саяхан манай эхнэр хугацаанаасаа өмнө төрчихсөн, гэтэл би гэртээ харьж чадахгүй л байна" хэмээн Галымбекулы өгүүлжээ.
"Радио Азаттык"-ийн мэдээлснээр, Казахстаны Гадаад хэргийн яам Монголд гацсан иргэдийн талаар мэдэж байгаа бөгөөд гэхдээ хичнээн хүн эргэн ирэх хүсэлтэй байгаа талаарх тодорхой тоон мэдээлэл байхгүй гэнэ. Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол дахь Казахстаны элчин сайд Жалгас Адилбаев Баян-Өлгий аймагт очин, тэнд байгаа Казахстаны иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцсан гэж Казахстаны ГХЯ мэдэгдсэнийг эх сурвалж дамжуулжээ.
"Одоо Монгол болон Оростой хэлэлцээ хийж, хүмүүсийг автобус эсвэл онгоцоор эх оронруу нь тээвэрлэх боломжийг судалж байна. Баян-Өлгий дэх нисэх буудал бүх төрлийн онгоц хүлээн авах хүчин чадалгүйн дээр энэ аймагт байгаа хүмүүс онгоцны тийз худалдан авч чадахааргүй хүндхэн нөхцөлд байгаа. Тэднийг автобусаар тээвэрлэхийн тулд коридор үүсгэх хэрэгтэй. Үүний тулд Москватай тохиролцох ёстой. Тиймээс л Казахстаны иргэдийг татан авах шийдвэр удааширч байна" хэмээн Казахстаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ