COVID-19: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт хойшлогдов

img

Энэ оны долоодугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дэлхий дахинд үүссэн тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлогдохоор болсон гэж өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости мэдээлжээ. 

 

Урьдчилсан мэдээллээр, "нөхцөл байдлыг тодруулсны дараа" намар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэж эх сурвалж өгүүлсэн байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. 

 

Энд дуулгахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Оросын Санкт-Петербург хотноо 2020 оны долоодугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах ёстой байв. Уулзалтын үеэр талууд "санал бодлоо нухацтай солилцох шаардлагатай" тул ОХУ арга хэмжээг видео холбоо ашиглан зохион байгуулахаас татгалзаж, биечлэн уулзах сонирхолтой байгаа гэж эх сурвалж онцолжээ. 

 

  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. 2001 оны зургаадугаар сарын 15-ны өдөр БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекстан Улсын удирдагчид ШХАБ байгуулагдаж буйг  Хятадын Шанхай хотноо зарлаж, 2002 оны зургаадугаар сард ШХАБ-ын дүрэмд гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байв. Харин 2017 онд Казакстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс зургаадугаар сарын есний өдөр бүрэн эрхт гишүүнээр элссэн. Манай улс энэ байгууллагын анхны ажиглагч орон бөгөөд 2004 онд ийм статустай болж байв. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ