Д.Нямхүү: Дахин долоон хүнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 5 сая 676 мянган хүн халдвар авч, 251 мянган хүн нас барж, 2,4 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 92 мянган хүн шинээр өвчилж, 3 мянга гаруй хүн нас барсан. Манай улсад 179 хүн ажиглалтад шинээр орсон. 36 хүн ажиглалтаас гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт 1262 хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Алтанбулаг хилийн боомтоор 340 гаруй хүн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д 40 гаруй нь тусгаарлагдсан. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 2842 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 5 дуудлага ирсэн.
АНУ-д 25 мянга шахам шинэ халдвар 592 нас баралт бүртгэгджээ. ОХУ-д 8900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 362 мянга гаруй болсон байна. 174 нас баралт бүртгэгджээ. Харин Бразил улсад 16 мянга 300 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 391 мянга гаруйд хүрээд байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 158 мянга гаруй байна. БХНЭУ-д 6535 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 145 мянга гаруй байгаа. БНСУ-д 40 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241 хүнд нь коронавирус илрээгүй. Энэ тоог хуваавал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан зургаан хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн, тандалтын зорилгоор авсан найман хүний сорицод шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолооч, Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Харин коронавирусийн шинжилгээ хийсэн нийт 248 иргэнээс долоон хүнд нь коронавирус илэрлээ. Энэ сарын 26нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан зургаан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд орж ирж тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс илэрлээ. 14 дэх хоног дээр коронавирус илэрлээ. Бид 21 хоног тусгаарлаж байгаа нь зүйтэй байна. Сайн мэдээ зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Манайд батлагдсан 148 хүн болж, үүнээс 43 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 105 хүн байгаа. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ