COVID-19: Орост хоногт 8264 хүн эдгэрчээ

Орост өнгөрсөн хоногт 8264 хүн эдгэрсэн талаар Коронавирусийн нөхцөл байдлыг хянах шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. Ингэснээр коронавирусийн тахал дэгдсэнээс хойш эдгэрсэн хүмүүсийн нийт тоо 159 257 болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт халдварын тохиолдол 8572 бүртгэгдсэнээс 3380 нь эмнэлзүйн шинж тэмдэггүй байжээ. Харин өнгөрсөн хоногт COVID-19 вирусийн улмаас 232 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 4374 болжээ. Энэ үзүүлэлтээс харахад Орост коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 2,7 хувьтай байна.
Энд дуулгахад, тавдугаар сарын 27-ны өдөр шуурхай алба мэдээлэл хийхдээ Орост өдөрт илэрч буй вирусийн халдварын тохиолдлын хоногийн өсөлт 2,3 хувь болж буурсан талаар онцолж байлаа. Мөн үүнээс өмнө, тавдугаар сарын 22-ны өдөр Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова Орос дахь коронавирусийн тархалт тэнцвэрт байдалд орсон гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ