Эсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив

Өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл АНУ-ын дэвсгэрээс хальж, бусад орнуудад ч, тухайлбал Австрийн нийслэл Вена хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон цагдаагийнхны зоргоороо авирлахыг эсэргүүцсэн жагсаал болсон талаар Regnum агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын оролцогчид Хүний эрхийн талбай дээр цуглан, Карлсплац талбай хүртэл алхсан байна. Жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон бөгөөд ихэнх нь залуу хүмүүс байсан гэнэ.
Жагсагчид бүгд коронавирусээс сэргийлж, амны хаалттай цугларч, ихэнх нь өнгөт арьстнуудыг дэмжиж, цагдаагийнхны зоргоороо авирлахыг эсэргүүцсэн уриа лоозон бүхий зурагт хуудас барьжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, арга хэмжээ тайван болж өнгөрсөн бөгөөд цагдаагийн ажилтнууд "Өнгөт арьстнуудын амь үнэ цэнтэй" гэсэн Америкийн эсэргүүцлийн гол уриануудын нэг болж, Австрид ч ашиглаж буй уриа үгийг машин дээрээ наасан байна.
Түүнчлэн, зургадугаар сарын гуравны өдөр Британийн нийслэл Лондон хотноо мөн цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн олон мянган хүн Британийн парламентын өмнө жагсаж, улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн хэрэг гарчээ.
АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ