Д.Нямхүү: ОХУ-ын иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 7 сая 81 мянган хүн халдвар авч, 405 мянган хүн нас барж, 3,1 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,4 сая хүн эмчлэгдэж гарсан байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар 112 мянган хүн коронавирусийн халдвар авч, 3 мянга гаруй хүн нас барсан байна. Манай улсад нэг хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1224 хүн ажиглалтад байгаа. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 1622 зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1 дуудлага ирсэн.
АНУ-д 2900 гаруй шинэ тохиолдол, 709 нас баралт нэмж бүртгэгджээ. ОХУ-д 8900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 467000 гаруй болсон байна. Харин Бразил улсад 18912 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсад 690 мянга гаруй халдвар бүртгэгдээд байна. Мөн өдөр 525 хүн нас баржээ. БНСУ-д 38 тохиолдол нэмж бүртгэгджээ. БНЭУ-д 9900 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын нийт халдварын тохиолдол 246600 гаруйд хүрчээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол, шинж тэмдэггүй хоёр халдвар нэмж бүртгэжээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 83040 болжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 46 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 45 хүнд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн жолооч ОХУ-ын иргэн 38 настай хүн байна. Манай нийт батлагдсан тохиолдол 194 эдгэрсэн тохиолдол 75 боллоо. Эмчилгээнд 119 хүн байгаагаас 103 хүний биеийн байдал хөнгөн, 16 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 155 хүн байна
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ