Д.Мөнхсайхан: Хэргийн газар үзлэг хийж байна

img

 

УИД-т гарсан гал түймрийн талаар НОБГ-аас тайлбар хийлээ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Мөнхсайхан:

 

-УИД-т гал гарсан дуудлага  16:48 минутад НОБГ-т  ирсэн. ЧД-ийн гал түймэр унтраах, аврах  10-р анги 16:50 минутад очсон.  Нэмэлт хүч гарч нийтдээ найман ангийн 96 албан хаагч ажилласан.  Галыг 21:30 минутад бүрэн унтраасан. Нэмэлтээр галын ангиудын амарч байгаа бүрэлдэхүүнийг дуудаж ажиллуулсан. Гал унтраах зориулалтын 27 авто машин ажилласан. Нийт утаанд боогдсон долоон иргэнийг авто механик шат ашиглаж амь насыг нь авран хамгаалсан. Гал гарсан шалтгааныг тогтоохоор хэргийн газар үзлэг хийж байна.

 

-Хүчилтөрөгчийн баг хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл аврагч гал сөнөөгч нарт байх ёстой. Онцгой байдлын албанд 100 хувь хангагдаагүй. Тийм учраас баггүй аврагч, гал сөнөөгч нар ажиллаж байсан. Хорт утаатай дээд давхруудад багтай хүмүүс ажилласан.  Амьсгалын бие даасан төхөөрөмж 70 орчим хувьтай байдаг. Утаа ихтэй нөхцөлд зайлшгүй өмсөж ажиллах ёстой. Авто механик шат нийслэлд 15 аврах гал түймэр унтраах анги байгаа. Чингэлтэй дүүргийн 10-р  анги, Сонгинохайрхан дүүргийн 26-р анги, Баяндүрх дүүргийн 63-р анги гэсэн гурван ангид ийм механик шат байдаг.

 

Авто механик шат 30 метр сунадаг. Нэг давхрыг 3 метр гэж үзвэл 9 давхар хүрэх боломжтой. Өчигдөр нийслэлд байгаа гурван шатаа ашигласан. Манай улсын хэмжэээнд 50 метр шат байгаа. Тэр нь Эрдэнэтэд байгаа. Өндөр барилгууд гал унтраах усан хангамжаа шийдсэн байх шаардлагатай. Улсын хэмжээнд гал унтраах  нисдэг тэрэг байдаггүй.  Сүүлийн үед ашиглаж байгаа авто машинууд усны нөөц сайтай болсон. УИД-ийн ойролцоо галын гидрант байхгүй байсан. Нийслэлийн хэмжээнд 178 галын гидрант бий. Үүний 104 нь бүрэн ашиглах боломжтой, 74 нь ашиглах боломжгүй байгаа. УИД хуучин барилга учраас галын гидрант байхгүй. Чингэлтэй дүүрэгт найман гидрант байгаа ч өчигдөр тэдгээрийг ашиглаагүй. Сүү ХХК-ын сүүний машинуудыг мөн усны зөөвөрлөлтийн зориулалтаар ашигласан. УИД-ийн үндсэн таван давхар барилга нь галд тэсвэртэй материалтай бол өргөтгөл зургаан давхар нь шатах материал орсон байсан. Гал тэсвэржилт муутай материалаар барьсан учраас гал хурдан тархахад нөлөөлсөн. Шинжээчийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ