COVID-19: Европт хөл хорионы ачаар олон сая хүн аврагдсан
2020-06-10

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотноо анхлан бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын үеэр иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аргуудаас хамгийн чухал нь хөл хорио гэж дэлхий нийт үзсэн. Ингээд улс орнууд хилээ хааж, нутаг дэвсгэр дээрээ хатуу болон хэсэгчилсэн хөл хорио тогтоох замаар өвчний тархалтыг зогсоохыг оролдсон юм. 

 

Энэ арга нь, тухайлбал Европын орнуудад тогтоосон хөл хорио хэр үр дүнтэй байсныг эрдэмтэд тооцоолж эхэлжээ. 

 

Гурван сая гаруй хүн хөл хорионы ачаар аврагдсан

 

Баруун Европын 11 оронд хөл хорио гурван сая гаруй хүний амь насыг аварсан гэж Лондонгийн Эзэн хааны коллежийн тахал судлаачдын судалгаанд онцолжээ. Энэ судалгааны нийтлэл  Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

Судалгаанд Австри, Бельги, Герман, Дани, Испани, Итали, Норвеги, Нэгдсэн Вант Улс, Франц, Швейцар болон Швед улсыг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудад тахал эхэлснээс хойш тавдугаар сарын дөрөвнийг хүртэлх хугацааны үзүүлэлтүүдийг судалжээ. 

 

Шинжээчдийн тооцоолсноор, дээрх хугацаанд Европын эдгээр 11 оронд хөл хорио тогтоогоогүй байсан бол COVID-19 халдвараас болж 3,2 сая хүн нас барах байсан гэнэ. Харин одоо нас баралтын бодит тоо 130 мянга орчим байгаа юм. Ингэснээр хөл хорио гурван сая гаруй хүний амийг аварсан бөгөөд тэр дундаа Францад 690 мянга, Италид 630 мянга, Британид 470 мянган хүнийг аварсан гэж шинжээчид үзжээ.

 

Түүнчлэн хөл хорио тогтоогоогүй бол хүн амын дийлэнх нь, тухайлбал Британид хүн амын 70 хувь нь өвдөх байсан гэсэн судалгааны дүн гарсан байна.

 

"Хатуу хөл хорио олон сая хүний амь нас хохирохоос сэргийлсэн. Ийм олон тооны хүн нас барсан бол асар том эмгэнэлт явдал болох байлаа" хэмээн судалгааны багийн гишүүн, доктор Сет Флаксман өгүүлжээ.

 

Энэ судалгаа нийтлэгдэхээс өмнө мөн л Nature сэтгүүл дээр Беркли дэх Калифорнийн их сургуулийн шинжээчдийн хийсэн судалгаа гарч байлаа. Энэ судалгааг АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Франц, Ираны мэдээлэл дээр тулгуурлан хийсэн бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө өвчилсөн хүний тоо хоёр өдрийн дотор хоёр дахин нэмэгдэж байсныг онцолсон байна. 

 

ДЭМБ: Шинж тэмдэг илэрсэн үед вирус илүү халдвартай 

 

Улс орнуудад халдвар болон нас баралтын түвшин буурах хандлагатай байгаа ч Латин Америкт тахлын нөхцөл байдал дахин муудаж байгаа талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

 

ДЭМБ-ын бүрэлдэхүүнд багтах, Панамерикийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр Латин Америкийн орнуудад COVID-19 вирусийн шинэ тохиолдол эрс өсч байгаа гэнэ. Өдгөө дэлхий даяар бүртгэгдсэн нийт халдварын тал хувь орчим нь буюу 3,3 сая тохиолдол энэ бүс нутагт ноогдож байгаа талаар дээрх байгууллага мэдэгджээ.

 

Түүнчлэн ДЭМБ вирус ямар үе шатандаа илүү халдвартай байдаг талаар мэдээлэл өгсөн байна. 

 

"Бидэнд байгаа мэдээллээр, шинж тэмдэг илэрч эхлэх үед өөрөөр хэлбэл маш эрт шатанд организмд вирусийн хэсгүүд маш ихээр байдаг" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Кипр жуулчдыг хүлээж авав

 

Ийнхүү олон сая хүний амь нас, эрүүл мэндийг аварсан хөл хориог нөхцөл байдал тогтворжихын хэрээр улс орнууд цуцалж, зөөлрүүлсээр байна. Тухайлбал Кипр арал сүүлийн гурван сарын туршид анх удаа жуулчдыг хүлээн авсан байна. Энэ арал дээр Израил, Грек, Болгараас жуулчид ирэн амарч байгаа бөгөөд мягмар гаригт Кипрт олон улсын таван нислэг ирж, таван онгоц гадаад орнуудыг зорьжээ.

 

Ларнаки нисэх буудал дээр жуулчдын биеийн халууныг шалган оруулж байгаа гэнэ. Гэхдээ тэднийг 14 хоног тусгаарлахгүй, жуулчид нисэж ирэхээсээ гурваас доошгүй хугацаанд авсан, халдваргүй гэсэн эмнэлгийн магадлагааг нисэх буудлын хяналтын ажилтнуудад үзүүлж нэвтрэх ёстой аж.

 

Европын орнууд дундаа нөхцөл байдал хамгийн мууд тооцогдож байсан Испанид аажмаар хөл хорионоос гарч байгаа ч амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж байна. Энэ улсад зургадугаар сарын 22-нд онц байдлын дэглэм дуусах бөгөөд ийнхүү онц байдал цуцлагдсан ч бүхий л олон нийтийн газарт амны хаалттай явах шаардлагатайг оршин суугчдад анхааруулжээ. 

 

Франц улсын билэг тэмдгүүдийн нэг болох Эйфелийн цамхагийг энэ сарын 25-наас эхлэн жуулчдад нээлттэй болгох бол Австри улс Италитай хиллэх хилээ зургадугаар сарын 16-наас нээхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин